• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулахад онцгой анхаарал хандуулна

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, Б.Энхболд нар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Глоб Интернэшнл төв ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Аюушжав, хуульч Б.Пүрэвсүрэн нарыг хүлээн авч уулзлаа. Ковид-19 цар тахлын хорио цээрийн дэглэмийн үед мэдэх эрхтэй холбоотойгоор нийгэмд үл ойлголцол үүсч, хүний эрх зөрчигдөх нөхцлийг бүрдүүлсэнд хүний эрхийн үндэсний байгууллагын зүгээс анхаарал хандуулж, тодорхой тайлбарыг холбогдох байгууллагуудаас авч байгааг уулзалтын үеэр онцоллоо.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Худал мэдээлэл тараах” заалтыг өөрчлөхөөр төлөвлөсөн нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах нөхцөл бүрдүүлж болзошгүй гэж үзсэн тул хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоодтой хамтран Хууль зүйн сайдад шаардлага хүргүүлээд байгаагаа Глоб Интернэшнл төвийн төлөөлөл танилцуулав.

IMG_4861.JPG

Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус төвд хандан 4 чиглэлээр хамтран ажиллах саналыг тавилаа. Үүнд: Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн хэрэгжилттэй холбоотой гомдол, мэдээлэл, судалгааг ирүүлж харилцан мэдээлэл солилцох, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хүний эрхийн үүднээс санал өгөх, иргэдийн мэдэх эрх, цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийг арилгах нөлөөллийн ажиллагаа явуулах, мэдээллийн боловсрол олгох, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад онцгойлон анхаарч хамтран ажиллахаар болов.