• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсанаар Монгол Улс бүс нутагтаа анхдагч, манлайлагч болно

12 дугаар сарын 09. Хүний эрхийн хамгаалагчдын өдөр.

Хүний эрхийн хамгаалагч гэдэгт хүний эрхийн төлөө тэмцэх, дэмжих ажлыг ганцаараа эсвэл бусадтай хамтран хийж байгаа хувь хүн, байгууллага, эвсэл, холбоо, бүгдийг хамруулан ойлгодог. Хүний эрхийг хангах, хамгаалах нь төрийн анхдагч үүрэг хэдий ч эрхийн төлөө тууштай тэмцэгч хамгаалагчдын оролцоогүйгээр хүний эрх хэрэгжих боломжгүй юм. Хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх боломжтой. Та ч бас.

Дэлхийн улс орнуудад аливаа шударга бус явдлын эсрэг, хүний эрх, эрх чөлөөг бодитойгоор эдлүүлэхийн төлөө тэмцэж буй хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаа явуулах орон зай, эрх чөлөө нь хязгаарлагдаж, заналхийлэл, дарамт шахалтад орж буйг анхаарч, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1998 оны A/RES/53/144 тогтоолоор “Нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих хувь хүн, нийгмийн нэгж, байгууллагын эрх, үүргийн тухай тунхаглал” (Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал) -ыг батлан гаргаж, энэ чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан билээ. Хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа, хамгаалалтыг хууль тогтоомжоор дэмжих зорилгоор дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг батлаад байна.

Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлах, дарамт шахалтад өртөх явдал цөөнгүй гарч байгаа ч хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймд “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан юм.

Хуулийн төслийг Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачлагаар олон талт оролцоонд тулгуурлан боловсруулж, өнгөрсөн тавдугаар сард Улсын Их Хуралд өргөн барьсан билээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдал хариуцсан Тусгай Илтгэгч Мэри Лаулор энэ оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад хандан дээрх хуулиа батлахыг уриалсан бөгөөд “Монгол Улс нь бүс нутагтаа анхдагч, манлайлагч болох боломжтой бөгөөд хүний эрх хамгаалагчид өөрийн үйл хэргээ үргэлжлүүлэхэд ихээхэн туслах энэхүү чухал хуулийг дэмжинэ үү гэж Парламентын бүх гишүүнээс хүсч байна” гэсэн юм. Тэрээр: “Би уг хуулийг хууль тогтоогч өргөн барьсныг сайшааж байна. Бүх нам хуулийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Хуулиа баталсан тохиолдолд Монгол Улс анх удаа бүс нутагтаа энэ төрлийн анхны хууль баталсан орон болохын зэрэгцээ хүний эрхийн төлөөх хичээл зүтгэлээ тод томруун харуулсан үйлдэл болох юм.” хэмээсэн.

Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэх юм. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд санал авч байна. Уг хуулийн төсөлд санал өгөх бол энд дарна уу.