• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх илтгэл сонсов

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.02) хуралдаан 14 цаг 09 минутад 70 хувийн ирцтэйгээр эхэлж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг сонсов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2.11-т “жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг Нийгмийн бодлогын байнгын хороо 2 жил тутам” хэлэлцэхээр заасны дагуу болон халдварт цар тахлаас үүдэлтэй хатуу хөл хорионы үед хүний эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан энэ илтгэлийг сонсож байгаа гэдгийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцолсон. Дэлхий нийтээр жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг тэмдэглэдэг бөгөөд илтгэл сонсох үйл явц аянтай давхцаж буйг тэрбээр энэ ташрамд дурдав.

e7d71fc0-4e4e-4570-addd-afd235bf79e5.jpg

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Д.Сүнжид, Б.Энхболд болон тус Комиссын Гомдол, хяналт шалгалт хариуцсан хэлтсийн дарга Т.Ихтамир, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ нар байв. Илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул танилцууллаа. 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.б-д заасны дагуу Комисс нь тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж 2 жил тутам Улсын Их Хуралд илтгэл хүргүүлдэг зохицуулалтын хүрээнд дөрөв дэх илтгэлээ танилцуулж буйг тэмдэглэлээ. 2014 оны XIII дахь илтгэлдээ гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндөж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь бодит хамгаалалтыг хүртэж чадахгүй байгаа учраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль болон дагалдах хуулийг батлах зөвлөмжийг Улсын Их Хуралд хүргүүлж байсан байна. 2017 оны XVI дахь илтгэлдээ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн 11 дүгээр зүйл буюу хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал хэрхэн хангагдаж байгаа талаар, ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж буй эсэх, ажлын байран дахь бэлгийн дарамт ямар байгаа талаар дүн шинжилгээ хийж, холбогдох зөвлөмжийг хүргүүлсэн байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хуулиар үүрэг хүлээсэн 61 байгууллагыг хамруулан, Хүний эрхийн Үндэсний Комисс дүн шинжилгээ хийсэн талаарх тайланг 2019 оны XVIII дахь илтгэлд хүргүүлсэн байна. Энэ хүрээнд дөрвөн зөвлөмжийг гаргажээ.

b7f30321-cee5-4d50-b52b-e5fc9ec274ba.jpg

2020 оны буюу энэ удаагийн илтгэлдээ орон нутагт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар дүн шинжилгээ хийж, газар дээр нь биечлэн ажиллаж хяналт шалгалт явуулсан байна. Энэ хүрээнд аймгуудын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв зэрэг нийт 210 төрийн байгууллагыг хамруулан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох зөвлөмжийг хүргүүлжээ.

Энэхүү хяналт шалгалтаар Архангай, Дундговь, Орхон, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлаагүй байсан тул тус аймгуудын Засаг дарга нарт дэд хөтөлбөр боловсруулж, батлуулах талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн юм.

Тус шаардлага, зөвлөмжийн үр дүнд Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 63 дугаар тогтоолоор, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 2 дугаар тогтоолоор, Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 62 дугаар тогтоолоор, Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 15 дугаар тогтоолоор тус тус тухайн орон нутагтаа хэрэгжүүлэх Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг баталж, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ийнхүү Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар бодлогын баримт бичгүүд төв болон орон нутгийн түвшинд гарч бодлогын хүрээнд ахиц дэвшил гарч буй хэдий ч хуулийн хэрэгжилт ялангуяа хөдөө орон нутагт хангалтгүй байгаа нь дээрх хяналт шалгалтын дүнгээс харагдаж байна. Тухайлбал, Комиссын хяналт шалгалтад хамрагдсан ихэнх аймаг жендэрийн дэд хөтөлбөрүүдийг батлан гаргасан ч хөтөлбөрт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсөв хангалтгүй, орон нутгийн төсөвт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тогтмол тусгадаггүй байна.

Орон нутагт жендэрийн асуудлыг дангаар хариуцсан мэргэжилтэн байхгүй, ачаалал ихтэй үндсэн ажлын хажуугаар хавсарга байдлаар ажилладаг, түүнчлэн орон нутгийн удирдлагууд жендэрийн талаарх мэдлэг, ойлголт дутмагаас энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмждэггүй, аливаа бодлого, шийдвэрийг гаргахдаа жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг орхигдуулдаг нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж орон нутагт хэрэгжихгүй байгаагийн үндсэн шалтгаан болж байна. Түүнчлэн нийт 82 суманд жендэрийн салбар хороо байгуулагдсан ч орон тооны ажилтан байхгүй, үйл ажиллагаа нь тогтворжоогүй, албан тушаалын хавсарга байдлаар нэр төдий ажиллаж байгаагаас жендэрийн талаар баримталж буй бодлого, шийдвэр үр дүнд хүрэхгүй байна гэж дүгнэсэн байна.

Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа, тэр дундаа орон нутагт нэн хангалтгүй байгаа талаар илтгэлд дурдсан юм. Хүний эрхийн Үндэсний комиссоос орон нутгийг төрийн байгууллагуудын 246 албан хаагчийн дунд хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээ өгөх ажлыг зохион байгуулахад 54 хувь нь сайн, үлдсэн нь дунд, муу хэмээн дүгнэсэн байна. Дунд, муу үнэлгээний гол шалтгаан нь удирдлагууд энэ талаарх ойлголт, мэдлэггүй гэж тайлбарласан байгаа. Тиймээс салбар бүрийн хуульд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг тусгайлан тусгах шаардлагатай гэж Комиссын зүгээс дүгнэсэн байна. Түүнчлэн жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх асуудал нэн хангалтгүй байгаа талаар дэлгэрэнгүй тайлбар, мэдээллийг Х.Мөнхзул гишүүн илтгэлийн үеэр танилцуулсан.

Ажил олгогчид ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх асуудлыг дотоод журамдаа тусгах ёстой бөгөөд 210 байгууллагад хяналт шалгалт явуулахад тусгаагүй, тусгасан нэг нь холбогдох гомдлыг хэрхэн барагдуулах талаарх механизмийг бий болгоогүй байгаа аж. Мөн төрийн албан хаагчид ялгаварлан гадуурхалтын асуудлаар тогтмол сургалтад хамрагдах ёстой, ажил олгогч үүрэг хүлээсэн байдаг ч 66.3 хувь нь үүргээ биелүүлсэн дүн мэдээ гарсан болохыг дурдав. 

Дээрх илтгэлийн хүрээнд төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны төв байгууллагын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох, орон нутгийн төсөвт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг жил бүр тусгах, хууль болон үндэсний хөтөлбөрийн биелэлтийн дүнг Засаг дарга нарын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болгон, үр дүнгийн гэрээнд тусгах гэсэн гурван зөвлөмжийг Хүний эрхийн Үндэсний Комисс гаргаж байгаа бөгөөд Байнгын хорооноос тогтоол гаргах байдлааг Засгийн газрыг үүрэгжүүлнэ гэж найдаж буйгаа хэлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр Хүний эрхийн Үндэсний Комисст ирж буй ажлын байрны бэлгийн дарамтын талаарх өргөдөл гомдол, бодит байдал дээрх дүн мэдээллийн талаар танилцуулсан юм. Зөрчлийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтын талаарх асуудлыг тусгаж, баривчлах, торгох шийтгэл оногдуулах зохицуулалтыг тусгасан ч энэ нь олон улсын жишигт нийцэж чадаагүй байна. Мөн Төрийн албаны тухай хуульд бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолд нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчих асуудлыг хориглохоор тусгахдаа энэ нь зөвхөн төрийн жинхэнэ болон төрийн тусгай албан хаагчдад л хамаарахаар, улс төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчдад хамаарахгүй байхаар ялгамжтай байдлаар тусгасан байгааг дурдав. Ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлэх нь гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн хүрээнд шийдвэрлэх, Төрийн албаны тухай хууль дахь ялгамжтай зохицуулалтыг өөрчлөх, Зөрчлийн тухай хууль дахь “бэлгийн дарамт” хэмээх тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглох тогтолцоог тодорхой болгох зөвлөмжүүдийг гаргасан байна.

Илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Ц.Сандаг-Очир, Б.Баярсайхан, М.Оюунчимэг гишүүн нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар мэдээлэл авав. Гишүүдийн асуултад хариулт өгөх үеэр Хүний Эрхийн Үндэсний Комиссоос 11 сарын 12-ны өдрөөс хойш хөл хорио, хязгаарлалттай холбоотой 50 орчим өргөдөл гомдол ирснээс гадаадад гацсан иргэдийн асуудал, ковид-19 шинжилгээг урьдчилан мэдэгдэлгүй авах, хүний жам ёсны эрхийг хязгаарлаж байгаа зэрэг асуудал зонхилсон талаар мэдээлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен жендэрийн хорооны орон тоог орон нутгийн хэмжээнд ажиллуулах боломж бий гэдэг саналыг хэлж, холбогдох саналуудыг гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хөдөлмөрийн хөлсөө авч чадалгүй, хөдөлмөрийн мөлжлөгт өртөж хохирдог асуудлыг Комисс анхаарах, санаачилгатай ажиллах, мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр төрийн бус байгууллагатай түншлэх ажиллах зэрэг саналыг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Төрийн албаны тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа бичгээр ирүүлэх, төрийн албаны шалгалтын сэдэвт энэ чиглэлийн асуултыг тусгах зэрэг саналыг хэлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа цар тахлын үеэр хүний эрхийг хамгаалах асуудлыг бүх түвшиндээ анхаарч, ажиллах шаардлагын талаар байр сууриа илэрхийлээд хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. Жендэрийн тэгш байдлыг хангах асуудал нь Монгол Улсын хөгжлийн тулгуур болтол явах, ялангуяа орон нутагт ужиграад байгаа хүний эрхийн болон жендэрийн эрх тэгш байдлын талаарх зөрчлүүдийг цэг тавих чиглэлд арга хэмжээ авах, хяналт шалгалт явуулах чиглэлд Нийгмийн бодлогын байнгын хороо санаачилгатай ажиллаж, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллана гэдгийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүн тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн Байнгын хорооны гишүүд хатуу хөл хорионы үед хүний эрх хамгаалах тал дээр Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг анхаарал хандуулж ажиллах, түүнчлэн Улсын онцгой комиссд тодорхой чиглэлээр зөвлөмж хүргүүлэн ажиллахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.