• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Олон Улсын өдрийн мэндчилгээ

Улс үндэстнүүд нэгдэн Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, дэлхий нийтэд тунхаглан зарласан Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг эрхэм Танд хүргэе.

Хүний эрхийн олон улсын өдрийг жил бүрийн энэ өдөр тодорхой үзэл санаан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд коронавируст халдварын цар тахлыг даван туулахтай холбогдуулан бүхий л бодлого, үйл ажиллагаанд хүний эрхийн зарчмуудыг баримталж, хэнийг ч орхихгүй, эрх тэгш оролцоог хангасан шийдвэр гарган хэрэгжүүлэхийн чухлыг сануулж “Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдэцгээе” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Цар тахлын нөхцөлд холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлээр хүний зарим эрхийг хязгаарлаж болох хэдий ч хүний эрхэм чанар, эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын жишиг шаардлагыг хангасан нөхцөл боломжийг бүрдүүлж, хүн бүрийн эрх, эрх чөлөө, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах үүрэг хариуцлагыг орхигдуулж болохгүй. Дэлхий нийтээрээ амаргүй цаг үеийг туулж байгаа энэ үед хүмүүс бид “өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндэтгэх” зарчмыг баримталж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх, аливаад хариуцлагатай хандах нь та бидний оруулах хамгийн чухал хувь нэмэр юм.

Энэ жил Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Комисссын гишүүдийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулсан зэрэг түүхэн шинэ хуудсыг нээсэн.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээ, конвенцид заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэх нөхцөл боломжийг хангахын төлөөх хүчин чармайлтаа улам бүр нэмэгдүүлж, холбогдох бүх талуудтай нягт хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна. Бидний энэхүү үйл ажиллагааг иргэд, олон нийт, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт

Хүний эрхийн төлөө нэгдэцгээе!

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссар Мишель Бачелегээс Хүний эрхийн өдөрт зориулсан мэндчилгээ

Энэ жилийн Хүний эрхийн өдөр хүн төрөлхтний хувьд хэзээ ч мартахааргүй үед тохиож байна. Шуурга мэт дайрсан Ковид-19 цар тахал бидний ертөнцийг донсолголоо. Гай түйтгэр гэхдээ өмнөхөөсөө илүү төвшинд сэргэж илаарших ер бусын боломжийг дагуулдаг.

Энэ жилийн Хүний эрхийн өдөр биднийг чухал үйл хэрэгт уриалан дуудаж байна. Энэ бол боломжийг алдалгүйгээр бүтээхийг ертөнцөө цогцлуулах уриа дуудлага юм. Үүний тулд бид энэ гамшгаас сургамж авах ёстой.

129901158_3548856991875668_7969279788733092754_n (1).jpg

Нэгдүгээрт, аливаа төрлийн ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох. Урхаг өвчин хүнийг хэврэг дорой болгодогийн нэгэн адил хүний эрхийг хүндэтгэн сахихад оршсоор байгаа цоорхой нийгмийг бүхэлд нь эмзэг болгожээ. Нэг хүн эрсдэлтэй байна гэдэг нийгэм бүхэлдээ эрсдэлд байна гэсэн үг. Хүнийг ялгаварлан гадуурхах, нийгмээс тусгаарлах, бусад байдлаар хүний эрхийг зөрчигдвөөс бид бүгд хохирно.

Хоёрдугаарт, Тэгш бус байдлыг багасгах. Нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бол хүний наад захын эрх бөгөөд тансаглал биш. Эдгээрийн хүчинд нийгэм оршин тогтнож, илүү тэгш ирээдүйг цогцлоох боломжийг бий болно.

Гуравдугаарт, нийгмийн оролцоог, ялангуяа залуусын оролцоог дэмжих. Бүх хүн амьдарч буй нийгэмдээ өөрийн дуу хоолойг хүргэх эрхтэй.

Дөрөвдүгээрт, хүний эрхийг бүх нийтээр эдлүүлэх шийдвэртэй төлөвлөгөө болох Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх хүчин чармайлт, зориг шийдвэрээ нэмэгдүүлэх, түргэсгэх.

Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх нь зөв төдийгүй ухаалаг алхам юм. Түүнчлэн, эдгээр ажлыг хийх гүйцэтгэх цорын ганц арга зам бол хүний эрхийн төлөө баттай зогсох юм.

Учир нь хүний эрх хангагдаж байж шударга, бат бэх нийгмийг бий болгоно. Энэ бол хүн төрөлхтөнд тулгарсан хямралыг шийдвэрлэх арга зам юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн адил Коронавируст халдварын цар тахал хүн төрөлхтөн нэгэн бүхэл болохыг сануулж байна.

Бид арга хэмжээ авах ёстой.

Хамтдаа хичээж, бид цар тахлыг даван туулж чадна. Нэгэн сэтгэлээр зүтгэж илүү бат суурьтай, тогтвортой, шударга ертөнцийг цогцлоож чадна. Хүний эрхийн төлөө нэгдэцгээе.