• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах хууль эрх зүйн орчныг дээрдүүлэхэд ач холбогдолтой гарын авлага, судалгааны бүтээл хэвлэлтээс гарлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагатай хамтран бэлтгэсэн “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” гарын авлага цагдаагийн алба хаагчдад хүрэхэд бэлэн боллоо.

Уг гарын авлага боловсруулах хүрээнд цагдаагийн 120 алба хаагчийг шат дараатай чадавхжуулах сургалтад хамруулж, бэлгийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирдог 9 төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хэрэг тус бүрд хэрхэн явуулах, бусад тусламж, үйлчилгээг хэрхэн үр дүнтэй үзүүлэх талаарх судалгааг зөвлөмж байдлаар тусгасан юм.

Гарын авлага хэвлэгдсэнээрээ хүүхдийн эрхийн зөрчил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдэд шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэх үйл ажиллагаанд ахиц дэвшил гарах, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах, хууль, тогтоомжийн орчныг дээрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг номын зохиогчид онцоллоо.

Түүнчлэн дээрх гарын авлага боловсруулах хүрээнд бэлтгэсэн ХЭҮК-оос НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх зүйн байдлын талаарх олон улсын үндэсний хууль тогтоомжид хийсэн дүн шинжилгээ” судалгааны бүтээл бэлэн болоод байна.

Тус судалгааны ажил нь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалах талаар олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх шүүх эрх мэдэл, мөрдөн шалгах, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтан, алба хаагчдад зориулсан зөвлөмж боловсруулах, судалгааны ажлыг цаашид хэрхэн үргэлжлүүлэн хийх ажлын чиглэлийг тодорхойлох практик ач холбогдолтой юм.

  • “БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ХҮҮХДЭД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ НЬ” цагдаагийн алба хаагчдад гарын авлагыг ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Энхболд, Улсын Ерөнхий прокурорын Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор Б.Бат-Орших хянаж, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цагдаагийн дэд хурандаа С.Гантулга, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, цагдаагийн ахмад, Б.Лхагварагчаа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал, хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариа, “Хөөрхөн зүрх” ТББ-ын сэтгэл зүйч П.Энхчимэг, ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Золжаргал нар боловсруулсан байна.
  • “БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ХҮҮХДИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТАЛААРХ ОЛОН УЛСЫН ҮНДЭСНИЙ ХУУЛЬ ТОГТООМЖИД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ” судалгааг Монголын Хуульчдын холбооны хуульч, Хуульчийн үргэлжилсэн сургалтын сургагч багш Б.Эрдэнэбилэг гүйцэтгэсэн бол ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Энхболд, Олон улсын Улаанбаатар их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор М.Эрдэнэбаяр нар хянан тохиолдууллаа.