• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан 2021 оны 3 дугаар сарын 11-нд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч, ноён Винод Ахужаг хүлээн авч уулзаж, хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хүний эрхийн асуудлаар санал солилцлоо.

Энэ хүрээнд Суурин төлөөлөгч, ноён Винод Ахужа эрүүл, чанартай хоол, хүнсээр хангагдах эрхийн асуудлыг хөндөж ярихаас гадна бэлчээрийн татвар, хөдөө орон нутагт мал аж ахуй эрхэлдэг хүмүүсийн жендэрийн асуудалд анхаарал хандуулах, мөн Ковид-19 цар тахлын үеийн хямралд жижиг, дунд үйлдвэрлэгчид өртөж байгаа талаар дуулгасан.

ХЭҮК-ын зүгээс эрүүл, чанартай хоол хүнсээр хангагдах эрхийн асуудлыг олон нийтэд таниулах, эрүүл хүнсийг дэмжих, сурталчлах чиглэлээр хамтрах, хөдөө орон нутаг дахь үйлдвэрлэл эрхлэгчдийн жендэрийн асуудлыг анхааралдаа авч хамтран ажиллахаар ярилцлаа.