• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишратай цахим уулзалт хийлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай цахимаар уулзлаа. Уулзахдаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагчийн газрын зүгээс төлөвлөж буй зарим арга хэмжээ, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих ойрын болон хэтийн хамтын ажиллагаа, цар тахал ба хүний эрхийн нөхцөл байдал, Хүний эрхийн олон улсын өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх, ирэх онд тохиох Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 20 жил, Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо. Мөн энэ үеэр НҮБ-ын хүний эрхийн шинжээчээс Монгол Улсад хүний эрх хамгаалагчдыг хамгаалах хууль батлахыг уриалсан уриалга ирүүлснийг уламжилсан юм.

*********************************************************************************************************

НҮБ-ын шинжээч Монгол Улс хүний эрх хамгаалагчдыг хамгаалах хууль батлахыг уриалав
ЖЕНЕВ ХОТ (2020 Арванхоёрдугаар сар 1) - Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн шинжээч өнөөдөр Төв Азид орших Монгол Улс нь хүний эрхийн төлөө зүтгэж байгаа хүмүүсийг хамгаалах, бусдад жишиг болохуйц хуулиа батлах нь зүйтэй хэмээн онцлов.

Хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдал хариуцсан Тусгай Илтгэгч Мэри Лаулор “Монгол Улс нь бүс нутагтаа анхдагч, манлайлагч болох боломжтой бөгөөд хүний эрх хамгаалагчид өөрийн үйл хэргээ үргэлжлүүлэхэд ихээхэн туслах энэхүү чухал хуулийг дэмжинэ үү гэж Парламентын бүх гишүүнээс хүсч байна” гэж хэллээ. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг иргэний нийгмийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс боловсруулан, өнгөрсөн тавдугаар сард Улсын Их Хуралд өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн төслийг арван хоёрдугаар сард хэлэлцэх нь чухал билээ. Тус хуулиар хүний эрх хамгаалагчийг олон улсын жишгийн дагуу тодорхойлсон төдийгүй тэднийг хэрхэн хамгаалах талаар зохицуулалт бий. Мөн тэдний эрхэд халдахаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах хараат бус этгээдийг байгуулах заалттай болно.

Лоулор хэлэхдээ: “Би уг хуулийг хууль тогтоогч өргөн барьсныг сайшааж байна. Бүх нам хуулийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Хуулиа баталсан тохиолдолд Монгол Улс анх удаа бүс нутагтаа энэ төрлийн анхны хууль баталсан орон болохын зэрэгцээ хүний эрхийн төлөөх хичээл зүтгэлээ тод томруун харуулсан үйлдэл болох юм.”