• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Илейн Конкиевичийг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд 2021 оны 3 дугаар сарын 10-нд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, шадар суурин төлөөлөгч Нашида Саттар нартай уулзаж, хүний эрхийн цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны санал солилцов.

ХЭҮК-ын гишүүд 6 жилийн хугацаатай томилогддог. Бүрэн эрхийн хугацаанд бодлогын томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөн стратеги боловсруулж ажиллаж байна. Юуны өмнө үндэсний хууль, тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийж, Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Алсын хараа-2050 хөтөлбөр, цахим шилжилтэд уялдсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг батлуулах, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг бүх шатны сургуулиудад нэвтрүүлэх, хяналт шалгалтыг илүү боловсронгуй болгохыг зорьж байгаа хэмээн уулзалтын үеэр ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан хэлсэн юм. Тэрбээр Суурин төлөөлөгчийг хүний эрхийн цуврал лекцийн хүндэтгэлийн дугаарт зочин илтгэгчээр оролцохыг урьж байна гэв.

Суурин төлөөлөгч, хатагтай Илейн Конкиевич ХЭҮК-ын шинэ гишүүдтэй уулзахаар товлосон ч цар тахлын улмаас өнөөдөр л нүүр тулан уулзаж байна. Хувь хүний нууцыг хамгаалахтай холбоотой хүний эрхийн зөрчил гарсан нь бидний анхаарлыг татсан. Монгол Улсын Засгийн газраас үүнд анхаарах ёстой. Хувийн нууцад хамаарах мэдээллийг ил болгосон нь бодит амьдралд сөрөг нөлөөтэй. Анхаарууштай бас нэг асуудал нь аливаа сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг ажлаас халах, өөрчлөх тохиолдол гардаг явдал. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг ч сонирхож судалж байна гээд цаашид хамтран ажиллахад нээлттэй гэсэн юм.

ХЭҮК-ыг төлөөлж, гишүүн Ж.Хунан ”Та маш соргог анзаарчээ. Хувь хүний нууцыг хамгаалах, хадгалахтай холбоотой асуудал бидний хувьд чухал. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд ХЭҮК-оос Ажлын хэсэг гарч, хяналт тавьж ажиллаж байна. Мөн цахим өгөгдлийг хамгаалах, хувь хүний нууцад хамаарах хуулийн төслүүдэд санал өгч, ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Илүү боловсронгуй болгох, зөрчлийг арилгах зүйл бий. Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн дэд Ажлын хэсэг манай дэргэд байгуулагдан ажиллаж байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг Монгол Улсад бий болгоход НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар санал солилцсон. Хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бэлэн байна” хэмээв.

Ийнхүү талууд уламжлалт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх, хүний эрхийн асуудлаар мэлээлэл солилцох зэргээр хамтран ажиллахаар тогтлоо.