• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Онцгой Комисст төлөөлөл оруулна

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллаж байна. Цар тахлын хорио цээрийн дэглэмийн үед хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын Онцгой Комиссын дэргэдэх Шуурхай штабт ХЭҮК-ын ажилтан хяналт тавьж ажиллах, ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Г.Нарантуяа нар мэргэжлийн дэмжлэг, санал зөвлөмжийг тухай бүрт хүргүүлж, хамтран ажиллахаар боллоо.

Бүх нийтийн бэлэн байдлын үеэр хүний амь хохирохгүй байх боломж байсан хэмээн Хүний эрхийн Үндэсний Комисс үзэж байгаагаа 2020 оны 12 дугаар сарын 11-нд Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж, Н.Батсайхан нарыг хүлээн авч уулзахдаа илэрхийлсэн юм. Цаашид гарах сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд ХЭҮК-ын санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгахыг зөвлөв. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар уг хуулийг дагалдан 14 журмыг батлан гаргах ёстой. Уг журмыг хүний эрхийн зарчимд нийцүүлж, хүн бүрт ойлгомжтой байдлаар тайлбарлан таниулах, ямар ч үед хязгаарлах ёсгүй эрхүүдийн талаар ойлголттой байх, эрсдлийг тооцоолох, мэдээллийн нэгдсэн цахим хуудас бий болгох нь хүний эрхийн зөрчлүүдээс сэргийлэх үр дүнтэй байж болох талаар санал гаргалаа. Мөн энэ үеэр зарим иргэний гомдлыг УОК-т шилжүүлж, яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэв.

IMG_4829.JPG