• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Их-тамир сумдад Туслах малчин төсөл хэрэгжиж байна

Туслах малчны төслийн хүрээнд хийгдсэн ажлын тайлан та бүхэнд танилцуулж байна. Уг төсөлд Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Их-тамир сум хамрагдаж байгаа болно.

2.2 Төслийн үйл ажиллагаа, үр дүн

Төслийн явцын тайланд 2020 оны 3 сараас өнөөг хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн дараах үйл ажиллагааг хамруулав.

УИХ-ын болон орон нутгийн сонгууль, цар тахал (COVID-19) зэрэг нийтийг хамарсан томоохон үйл явдлууд, халдварт өвчний тархалт, хорио цээрийн дэглэмтэй байсан ч төслийн төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн билээ.

Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирлээ. Үүнд: “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгааг амжилттай хийж гүйцэтгэв.

Түүнчлэн МЭХ-ны төв, орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах Сургагч багшийн сургалт-ыг өндөр хэмжээнд зохион байгуулж, сертификат олгов. Төслийн үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг тусгайлсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэлээ. Төслийн өөр нэг чухал үр дүн нь зорилтот бүлэгтэй ажиллахад туслах бүтцийг зохион байгуулсан явдал байв. Зорилтот сумдын Засаг даргын Тамгын даргаар ахлуулсан “Дэмжих бүлэг”-ийг зорилтот сумдад байгуулж, бүрэлдэхүүнд нь Багийн дарга, хөдөлмөр халамжийн ажилтан, Мал эмнэлэг, үржлийн ажилтан болон сумын ЭЗ-ийн тэргүүн орж байна. Мөн туслах малчдын “Өөртөө туслах бүлэг”-ийг Архангай аймгийн зорилтот 3 суманд байгуулав.

Судалгааг 6 аймгийн 18 сумын нийт 1244 малчдыг хамруулан тэдгээрийн хөдөлмөрийн харилцаа нь хүний эрхийн зарчмын үүднээс тэгш, шударга, ялгаварлан гадуурхалтгүй, хүний эрхийн аливаа зөрчлөөс ангид байж чадаж буй эсэх, албажсан байдлыг тодруулж, туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэний болон улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын болон хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдлыг санал асуулга, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх замаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийлээ. Энэ судалгаа нь Монгол Улсад туслах малчны нийгэм, эдийн засгийн байдал, хүний эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн, анхдагч түүвэр судалгаа болж буйгаараа онцлогтой.

Судалгааны үр дүнд тулгуурлан туслах малчдын иргэний ба улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын болон хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдлыг цаашид авах арга хэмжээний саналын хамт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх ХЭҮК-ын 20 дахь илтгэлд тусгуулж, холбогдох саналыг шийдвэр гаргуулахаар УИХ-д танилцуулсан.

МЭХ-ны сумдын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд Сургагч багшийн гарын авлага ашиглан туслах малчид болон бусад зорилтот бүлэгт хүний эрхийн үндсэн ойлголт олгох болон хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулах бүрэн чадавхтай болсон.

Хорио цээрийн улмаас цахим хэлбэрээр зохион байгуулсан сургалтад МЭХ-ны бусад аймаг,сумдын ЭЗ-ийн гишүүд мөн оролцсон юм.

Нийтдээ 300 гаруй Сургагч багшийн гарын авлагыг МЭХ-ны орон нутгийн зөвлөлд гардуулж өгсөн байна.

Дээр дурдсаны дагуу бид зорилтот бүлэгтээ хүрч ажиллах, мэдээлэл авах, хүргэх, сургалт явуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж, хамтарч ажиллахад шаардлагатай дэмжлэг туслалцаа авах үүднээс зорилтот сумдад “Дэмжих бүлэг” байгуулсан юм. Энэ бол төслийн хувьд маш чухал бүтэц.

Өөр нэг чухал үр дүн бол туслах малчдын мэдээллийн санг бүрдүүлсэн явдал юм. ХЭҮК-ын орон нутгийн ажилтнууд энд гол үүрэгтэй оролцож, сумдын холбогдох албан тушаалтнуудтай хамтран ажиллах замаар туслах малчдын мэдээллийг гаргуулж, санг бүрдүүлсэн.

Төслийн гол үйл ажиллагааны нэг нь туслах малчдын Өөртөө туслах бүлэг байгуулж, үүгээр дамжуулан хоорондоо мэдээллээ солилцох, туршлагаа хуваалцах, хамтарч ажиллах гол талбар болгох ёстой. Энэ ажил амжилттай хийгдэж, Архангай аймгийн зорилтот 3 сумдад бүлэг байгуулж, бүлгийн Ахлагчийг нь нээлттэй сонгосон болно.