• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

БАРИМТАТ ГЭРЭЛ ЗУРАГ БОЛ НИЙГМИЙН ТОЛЬ...

Аймгийн ЗДТГ-ын нэг давхарт Бидний асуудал..., Бидний боломж..., Бидний бэрхшээл... гэсэн гурван багц асуудлын хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгджээ.
Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон НҮБ-ын ерөнхий ассамблейгаас зарлаж дэлхий нийтээрээ жил бүр тодорхой уриалга дэвшүүлэн тэмдэглэж байна.
Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс энэхүү өдрийг угтаж “ЧИМЭЭГҮЙ ЭРХЭЭ ЭДЭЛЬЕ” уриан доор баримтат гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэсэн нь энэ ажээ.
Мэргэжлийн гэрэл зурагчин Э.Батхүүтэй хамтран баримтат гэрэл зургаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, бэрхшээл боломжийг харуулсан нь онцлог байлаа.
Аймгийн ХБИХЗ-өөс Архангай аймгийн төр, хувийн хэвшлийн 203 байгууллага, аж ахуй нэгж, Эрдэнэбулган сумын 15,9 км авто замд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зохицох дэд бүтцийн хүртээмжтэй байдлын үнэлгээ хийхэд 80 хувь нь асуудалтай байсан гэв.
Тухайн асуудлуудаас хамгийн түгээмэл тулгардаг бэрхшээлүүдийг баримтат гэрэл зургийн тусламжтай олон нийтэд харуулахыг хүсжээ.
Баримтат гэрэл зураг бол тухайн нийгмийнхээ толь байдаг хэмээн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж хэлсэн байдаг. Аймгийн ХБИХЗ энэ удаад хар цагаан гэрэл зургаар хэлэх үг, хийсэн ажлаа тайлагнаж даруухнаар олны анхааралд улам их орон зайг үлдээлээ.