• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баяр, амралтын өдрүүдэд Цагдаагийн газарт 40 дуудлага иржээ

Архангай аймгийн Цагдаагийн газарт 07 дугаар сарын 10-наас 15-ны баяр, амралтын өдрүүдэд 40 дуудлага, мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 25, зөрчлийн шинжтэй 15 дуудлага ирсэн байна.

Гэмт хэргийн дуудлага мэдээллийн 12 буюу 48 хувийг зам тээврийн осол, 5 буюу 20 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийн 13 буюу 86 хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, 2 буюу 13 хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил тус тус эзэлж байна.

Зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, 3 хүн нас баржээ.
Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 15-ны өдөр аймгийн Цагаан даваа уруудаж бензин тээвэрлэж явсан том оврын авто машин осолдсоноос 3 хүн нас барж, 15 хүн түлэгдэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Иймд аялагчид орон нутгийн замд анхаарал болгоомжтой явж, хурд хэтрүүлэхгүй, яаралгүй, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, зорьсон газраа саадгүй хүрэхийг Цагдаагийн газраас иргэдэд уриалж байна.