• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комисс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын үйл явц дахь хүний эрхийн нөхцөл байдалд анхаарал хандуулан ажиллаж байна

Уулзалтад Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөх О.Эрдэнэбилэг, Эрчим хүчний яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Мөнх-Оргил, Эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Хичээнгүй, Төслийн зохицуулагч Ч.Гантулга зэрэг албан тушаалтнууд оролцлоо.

Санал солилцох уулзалтаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртөж буй иргэд, малчдын нөхцөл байдлын талаар танилцсан тухай, тэдний гаргасан санал, хүсэлтийг Төслийн удирдах хорооны дарга, гишүүд болон Төслийн нэгжийн удирдлагуудад уламжилж, уг төслийг хэрэгжүүлэх явцад хүний эрхийн анхаарвал зохих суурь зарчим, стандартыг мөрдөж ажиллах нь тухайн төслийг үр дүнтэй хэрэгжихэд нөлөөлөх чухал алхам болохыг дурдаж, цаашид бүтээн байгуулалттай холбоотой нүүлгэн шилжүүлэлт хийх, шинэ суурьшлын бүс рүү шилжүүлэх зэрэг төлөвлөлтийн процессын үйл ажиллагааг хууль ёсны дагуу, хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх, төслийн үйл ажиллагааг үр нөлөөтэй, бодитой үр дүнтэй хэрэгжүүлэхэд дараах асуудалд анхаарал хандуулж ажиллахыг санал болголоо. Үүнд:

- Үүрэг хүлээгчид нөлөөлөлд өртөж буй иргэд, малчдын эрхийг хүндэтгэх, тэднийг дэмжин ажиллах;

- Эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа болон хөндөгдөж болзошгүй иргэд, малчидтай бодитоор зөвлөлдөх, санал бодлоо илэрхийлэх боломжоор хангах;

- Бүтээн байгуулалт, нүүлгэн шилжүүлэлт, төлөвлөлтийн үйл ажиллагааг иргэд, малчдын оролцоо, хяналттайгаар хэрэгжүүлэх;

- Иргэд, малчдын эрх тэгш байдлыг хангах, үл ялгаварлан гадуурхах;

- Нүүлгэн шилжүүлэлт хийхээс өмнө хуульд заасан эсхүл хангалттай хугацааны өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэд, малчдад урьдчилан мэдээлэх, шаардлагатай мэдээллээр тогтмол хангах;

- Шударга нөхөх олговор олгох;

- Нийгмийн зорилтот бүлгийн онцлогийг харгалзсан аливаа эрсдэлийг тооцсон нэмэлт төлөвлөгөөтэй байх зэрэг болно.

Санал солилцох уулзалтын үр дүнд цаашид Төслийн удирдах хороо болон Төслийн нэгжтэй хамтран ажиллаж, Комиссоос зөвлөмж хүргүүлэхээр болов.