• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Санал солилцох уулзалт боллоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, "Монголын Эмнести Интернэшнл" ТББ, "Глоб Интернэшнл төв", "Хэвлэлийн Хүрээлэн"," Хууль зүйн нийгэмлэг" ТББ-ын төлөөлөл өнөөдөр /2023.01.18/ "Монголын Эмнести Интернэшнл" ТББ-ын санаачилгаар уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр байгууллага тус бүр 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил болон нэг зорилгын хүрээнд хамтран хэрэгжүүлж болох, мөн цаашид хүчээ нэгтгэх шаардлагатай ажил, асуудлыг хэлэлцэв.

Тухайлбал, хүний эрхийг хамгаалагчдыг бэлтгэх сургалт, чадавхжуулах үйл ажиллагааны хүрээнд хөтөлбөр солилцох, судалгааны тайлан мэдээлэл солилцох, хүний эрхэд суурилсан олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээн дээр нэгдсэн ойлголтод хүрэх, холбогдох нөлөөллийн үйл ажиллагааг хамтын хүчээр зохион байгуулах, цахимжих үйл явцтай холбоотой шинэ нэр томьёо ойлголт, томьёоллыг харилцан ярилцаж нэгдмэл үг хэллэг ашигладаг болох, хүний эрхийн чиглэлээр мэргэшиж буй сэтгүүлчдийг сургаж бэлтгэхэд хамтран ажиллах зэрэг олон талт асуудал, санааг хэлэлцлээ.