• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Туслах малчдыг чадавхжуулах төсөл 12 суманд хэрэгжиж байна

Европын Холбооны санхүүжилтээр Хүний эрхийн Үндэсний Комисс туслах малчдыг чадавхжуулах төслийг 2020 оноос эхлэн Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгуудын 12 сумын зорилтот бүлэг болох 120 гаруй туслах малчдад хэрэгжүүлж байна. Төслийн үр дүн, хэрэгжилттэй танилцахаар ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаа. Ажлын хэсэгт Европын холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люка, төслийн менежер М.Бямбарагчаа, ХБНГУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Регина Рутенберг, Төслийн зохицуулагч С.Болд, ХЭҮК-ын референт Б.Нандинцэцэг, орон нутаг дахь референт С.Мөнгөнзаяа нар ажиллаж, аймаг сумдын удирдлагуудтай уулзан орон нутаг дахь туслах малчдын нөхцөл байдал болоод цаашид туслах малчдын эрхийг хангах, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар санал солилцлоо. Мөн ажлын хэсэг Архангай аймгийн Ихтамир суманд ажиллаж, төсөлд хамрагдсан туслах малчин өрхийн нөхцөл байдалтай танилцлаа.

ХЭҮК-оос “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл болон хүний эрхийн хэрэгжилт” судалгааг анх удаа хийлгэсэн бөгөөд судалгааны үр дүнг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-д тусгасан. Туслах малчны хөдөлмөрлөх орчин нөхцөлийг сайжруулахаар илтгэлд тусгасан саналууд хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгалаа олж, ажил олгогч туслах малчинтай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулах, туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгох зэрэг нь хуулиар зохицуулагдах болсон.

Туслах малчныг чадавхижуулах төслийн үр дүнд туслах малчид эрх үүргээ мэддэг, нийгмийн суурь үйлчилгээ авах ойлголт мэдээлэлтэй болсон. Цаашид төслийн хүрээнд туслах малчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, хууль сурталчлах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төсөл 2020-2022 онуудад хэрэгжих юм.