• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

УСААР ХАНГАГДАХ ЭРХ

Ус бол удаан хугацаанд нөхөн сэргээгдэх боломжтой, байгалийн хязгаарлагдмал нөөц бөгөөд амьдрал, эрүүл мэндийн тулгуур хүчин зүйл гэж болно. Усаар хангагдах эрх бол хүний зэрэгтэй, нэр төртэй амьдрахад зайлшгүй чухал юм. Усаар хангагдах эрх нь хүн бүр хангалттай хэмжээнд аюулгүй, бие махбодийн хувьд хүртэх боломжтой усыг хүртээмжтэй байдлаар хувийн болон гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэх эрх юм. Харин усыг зохистой хэмжээгээр хүртэх гэдэгт цангаж амь насаа алдах эрсдэлд орохгүй, уснаас үүдэлтэй өвчин тусах магадлал бууруулах хэмжээнд усыг хэрэглэж, хүнсэндээ ашиглан, хувийн болон гэр бүлийн ариун цэврийг сахихдаа ашиглана гэсэн үг. Хөгжиж буй болон хөгжингүй улсуудын хувьд усаар хангагдах эрхийг хэрэгжүүлэхгүй орхих явдал нийтлэг тохиолддог. Үүний улмаас дэлхий дээр 1 тэрбум гаруй хүн усны наад захын хангамжгүй, 2 тэрбум гаруй хүн ариун цэврээ сахих ус олж чадахгүйгээс бохирын өвчин, уснаас үүдэлтэй халдвар авч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлжээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2010 оны 8 сарын 3-ны өдөр баталсан 64/292 дугаар тогтоолоор цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг хүлээн зөвшөөрч, аюулгүй цэвэр ундны ус, ариун цэврийн байгууламж бол хүний амьдрах аливаа эрхээ бүрэн эдлэх тулгуур гэж үзсэн байна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцыг оролцуулан" амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх эрхийг хүлээн зөвшөөрч, олон эрхийг цогц байдлаар илэрхийлсэн гэж болно. Ялангуяа "оролцуулан" гэсэн үгээр зөвхөн хоол хүнс, хувцас, орон сууцыг л ярьсан гэж ойлгох боломжгүй. Иймээс усаар хангагдах эрх нь амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх баталгаанд хамаарч, амьдрахад зайлшгүй шаардлагатай нөхцөлийн нэгт тооцогдох болно. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 4, б, 14 дэх Ерөнхий Зөвлөмждөө усаар хангагдах эрх бол дээрх пактын 11 зүйлд заасан хүний эрх болохыг, хүн бүрийн бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрх болон хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцтай байх эрхтэй шууд бусаар холбоотойг тодорхойлсон байна. Мөн 15 дугаар Ерөнхий Зөвлөмжийн 29 дүгээр догол мөрт "Оролцогч улсууд эмэгтэйчүүд, хүүхдийн хэрэгцээг анхаарч, орон нутгийн болон ядуу буурай хотын бус нутгийн эрүүл ахуйн аюулгүй үйлчилгээг дэвшилттэйгээр өргөтгөх үүрэгтэй" гэж зааснаар усаар хангагдах эрхэд ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг багтаасан байна. Мөн уг эрхийн хүрээнд ариун цэврийн талаар сурч боловсрох эрхийг хөндөх ба хангалттай, хүрэлцэхүйц цэвэр устай байсан ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй зан үйлийн улмаас халдварт өвчин тусах магадлалтайг үүнд онцолж байна. Нөгөө талаас усаар хангагдах эрх нь ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх, цэвэр усаар хангагдах эрх, ариун цэврийн талаар сурч боловсрох эрхүүдтэй шууд уялдаа холбоотой. Цэвэр ус, эрүүл ахуй, ариун цэврийн асуудлыг ярихгүйгээр усны чанарт анхаарах нь өрөөсгөл, учир дутагдалтай болохыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх хариуцсан Тусгай илтгэгч цохон тэмдэглэжээ. Усаар хангагдах эрхийг Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 14 дүгээр зүйлийн 2(К), Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 24 дүгээр зүйлийн 2(с), Хүмүүнлэгийн эрх зүйн тулгуур болсон Женевийн конвенцууд, тэдгээрийн нэмэлт протокол, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан хөтөлбөр, зарчим, зөвлөмж, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байна. Улсуудын зүгээс усны эдийн засгийн үнэлэмж харилцан адилгүй байгаагаас гадна тухайн харилцааг бүрэн дүүрэн зохицуулж, мөнгөн дүнгээр илэрхийлж чадахгүй байна. Гэсэн хэдий ч усны гүйцэтгэх чиг үүрэг, үнэ цэнэтэй уялдуулан гурван түвшинд авч үзэх боломжтой. Үүнд: 1. Усыг амьдралд - хүн төрөлхтөн болон бусад амьд биетийг тэтгэхийн тулд усыг ашиглахыг хэлнэ. Усыг хүний эрх хэмээн хүлээн зөвшөөрч, сайн чанарын цэвэр усыг хамгийн бага хэмжээгээр хүн бүрт хүргэх боломжтой эко тогтолцоог тогтвортойгоор хадгалах, баталгаажуулахыг эн тэргүүнд авч үзэхийг ойлгоно. 2. Усыг иргэдэд - иргэний эдлэх нийгмийн эрх болон нийгмийн нийтлэг сонирхолд тулгуурлан нийтийн эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхол, тэгш эрхийн үүднээс усыг хоёрдугаарт чухал гэж үзэхийг хэлнэ. Төрийн байгууллага гол үүрэг гүйцэтгэнэ. 3. Усыг хөгжилд - эдийн засгийн чиг үүрэгтэй уялдах аж үйлдвэр, газар тариалангийн усалгаа, усан цахилгаан станц зэрэг үйлдвэрлэлтэй холбоотой хувийн ашиг сонирхлыг гуравдугаарт тооцно. НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 15 дугаар Ерөнхий Зөвлөмжийн 2 дахь догол мөрт заасны дагуу усаар хангагдах хүний эрх нь хүн бүрт хамаатай ба хувийн болон гэр бүлийн хэрэгцээндээ хүрэлцээтэй хэмжээгээр усыг хэрэглэх эрхтэйг тусгайлан тодорхойлжээ. Ялангуяа тус хороо "Усыг түгээхдээ хувийн болон гэр бүлийн хэрэгцээнд усаар хангагдах хүний эрхийг чухалчлах ёстой" гэж дүгнэсэн. Үүний зэрэгцээ цэвэр усны байгууламж, түгээлтийн төв, шугам хоолой зэрэг барилга байгууламжийг олон нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн тусгай хамгаалалтад байлгах ёстой.