• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮҮХДИЙН ЭРХ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд "шүүхийн шийдвэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй бүх хүнийг хүүхэд гэнэ" хэмээн тодорхойлсон.

Насанд хүрээгүй хүмүүс (хүүхэд) нь бие бялдар, оюун санаа, боловсрол, амьдралын туршлагын хувьд бүрэн гүйцэд төлөвшөөгүй, тусгай хэрэгцээ, хамгаалалт шаардагддаг тул тэдний эрхийг тусгайлан авч үзэж хамгаалдаг. Хүүхдийн эдлэх ёстой эрх, эрх чөлөө, төрөөс болон эцэг эхээс нь үзүүлэх ёстой халамж, үйлчилгээний цогцыг хүүхдийн эрх гэж нэрлэж болно.

НҮБ-аас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон тооны гэрээ, конвенцыг батлан гаргасны дотор хүүхдийн эдлэх эрхийг тодорхойлж, баталгаажуулсан хамгийн чухал баримт бичиг нь 1989 онд батлагдсан "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай" конвенц юм. Энэхүү конвенцод 2012 оны байдлаар 120 орон нэгдэн орсон байна. Монгол Улс уг конвенцид 1990 онд нэгдэн орсон. Монгол Улсад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай тусгай хуулийг батлан мөрдүүлж, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий дагнасан байгууллага (Хүүхдийн төлөө газар, аймаг, нийслэлд хүүхдийн төлөө хэлтэс) үйл ажиллагаа явуулдаг.

Мөн хөдөлмөрийн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, гэр бүлийн, иргэний, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зарим хуулиар хүүхдийн эрхийг тусгайлан зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлэх хөдөлмөр эрхлүүлэхийг хориглож, хүүхдийн хөдлмөрийг илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоож өгсөн байдаг. Хүүхдийн эрхийн тухай олон улсын баримт бичгүүд, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, нэр авах, иргэний харъяалалтай болох, эцэг, эхээ боломжийн хирээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх, амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх, тоглож, наадах, сурч боловсрох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл олж авах, эвлэлдэн нэгдэх, эрх, эрх чөлөөгөө хамгаалах байгууллага байгуулах, тайван замаар хуран цуглах, зохиол бүтээл туурвих, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, хүчирхийлэл, дарамт шахалтаас хамгаалуулах, өөртэй нь холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оролцох, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй.

Олон улсын болон үндэсний баримт бичгүүдэд хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд ашиглах, садар самуунд уруу татах, садар самууны сурталчилгаанд ашиглах, биеийг нь үнэлүүлэх, зодож шийтгэх, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаа, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх хөдөлмөр эрхлүүлэхийг хатуу хориглодог.