• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХӨГЖИХ ЭРХ

1980-иад оноос "Хөгжих эрх" хэмээх ойлголт олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд хэрэглэгдэх болсон бөгөөд өнөөг хүртэл олон тооны маргаан мэтгэлцээн, ялгаатай байр суурийг агуулж байна. Уг ойлголт нь нэр томъёоны хувьд анх 1981 онд "Хүний ба ард түмний эрхийн тухай Африкийн дүрэм"-ийн 22 дугаар зүйлд тусгагдсан гэж үздэг. Гэвч НҮБ-ын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад олон улсын хүний эрхийн гэрээ конвенцуудад хөгжих эрхийн зарчим, үзэл санаа нь агуулгын хувьд бүрэн туссан гэж судлаачид үздэг байна.

Улмаар 1986 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейн 41/128 тоот тогтоолоор "Хөгжих эрхийн тухай тунхаг" батлагдан гарснаар олон улсын хүний эрхийн эрх зүйн тогтолцоонд өргөнөөр хэрэглэгдэх болсон гэж үздэг. Хүний хөгжлийн гол үзэл санаа бол хувь хүн чадвартай, бололцоотой байснаар эрхээ эдэлж, цаашид хөгжинө гэдэгт үндэслэдэг бол хөгжих эрх нь тэрхүү чадвар бололцоо нь зөвхөн хувь хүний биш, харин бүлгийн, нийтийн эрхээ эдлэх үндэс суурь болох ёстой гэсэн байдлаар хандаж тайлбарладаг.

"Хөгжих эрхийн тухай тунхаглал"-д "Хөгжил гэдэг нь нийт иргэд, хувь хүмүүсийн идэвх, чөлөөт оролцоонд үндэслэн гарч буй үр ашгийг шударгаар хуваарилах, бүх нийтийн сайн сайхан байдлыг хангах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын цогц үйл явц мөн" хэмээн тодорхойлсон байдаг. Үүний хамт Венийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөр (1993), Хүрээлэн буй орчин, хөгжлийн талаарх Риогийн тунхаглал (1992), Уугуул хүмүүсийн эрхийн тухай тунхаглал (2007) зэрэгт хөгжих эрхийн үзэл санаа нь илүү тодорхой зарчмууд болон тусгагдсан байна. Эдгээр баримт бичгүүдэд хөгжлийн төвд хүнийг тавихын хамт хөгжил нь өөрөө хүн эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх нөхцөл, үндэс болохыг онцлон тэмдэглэдэг. Ялангуяа хөгжилд хүрээгүйгээс, хөгжих нөхцөл бүрдээгүйгээс болж, хүн эсхүл нийгмийн бүлэг эрхээ эдэлж чадахгүй байгаа нь өнөөгийн хөгжлийн түвшинд зөвтгөх аргагүй зүйл хэмээн үздэг.

Хөгжих эрхийн тухай асуудлыг анх Өмнөдийн улс орнууд ихээхэн дэмжиж байсан. Энэ нь үнэн хэрэгтээ дэлхийн Өмнөд ба Умардын улс орнуудын хоорондын харилцан тэнцвэртэй худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох эрэл хайгуулын үр дүн гэж тайлбарлах нь бий. Нөгөө талаас хөгжлийн туслалцаа нь хөгжингүй орнуудын үүрэг хариуцлага болон үлдэх бус харин хөгжпийн хувьд тухайн улс орны төр засаг гол үүрэг хариуцлагыг хүлээж, харин бусад орнууд энэхүү хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах ёстой гэдэгт "Хөгжих эрхийн тухай тунхаглал" үндэслэдэг. Тиймээс уг тунхаглалд заасанчлан улс орнууд хөгжилд хүрэхийн тулд, түүний үр шимийг илүү ахиу хүртэхийн тулд, эсхүл хөгжилд тээг болж буй бэрхшээл, саад тотгор бүхнийг даван туулахын тулд харилцан бие биендээ тусалж, хамтран ажиллах ёстой гэсэн үзэл санааг агуулдаг. Аливаа засаглал цөөн хэсэг хүмүүсийн төлөө бус, нийтийн төлөө, түүний дотор эмзэг, амьдрал дорой бүлгийнхэн, үндэсний цөөнх зэрэг эрсдэлд учраад буй хүмүүсийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлдэг байх нь энэхүү хандлагын нэгэн үнэт чанар юм.

Хүний эрхийг хуулиар баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөө, нэр төрд халдах аливаа үйлдэл, халдлагаас хамгаалах ньтөрийн гол чиг үүрэг болохыг улс орнууд хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ үүргийн биелэлт нь олон улсын харилцааны нэгэн чухал үзүүлэлт болжээ.

Хөгжих эрхийн тухай үзэл санаа нь зөвхөн өнөө үе төдийгүй хойч үеийнхэнд ч эрхээ эдлэх, хөгжих бололцоо байх ёстой гэдэгт үндэслэдэг. Тиймээс ч Хүрээлэн буй орчин, хөгжлийн талаарх Риогийн тунхаглал (1992)-ын гурав дахь зарчим нь "Хөгжих эрх нь өнөөгийн болон хойч үеийнхний хөгжлийн болон байгаль орчны хэрэгцээ нь харилцан тэнцвэртэйгээр хангагдахуйцаар хэрэгжих ёстой" хэмээн заасан байна.