• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭВШЛИЙН ҮР ДҮНГ АШИГЛАХ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЭРХ

Уг эрхийн тухай анхны ойлголтыг 1948 онд гарсан Иргэний эрх, үүргийн тухай Америкийн тунхагт "Хүн бүр оюуны бүтээл, нэн ялангуяа шинжлэх ухааны нээлтийн үр шимийг хүртэхэд оролцох эрхтэй" гэж тодорхойлсон. Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед энэхүү эрх нь дан ганц хувь хүнд хамаарах төдийгээр хязгаарлагдахаа больж, олон нийтийн амьдралд шинжлэх ухааны дэвшлийн үр дүнг ашиглах явдал чухлаар тавигдах болсон билээ.

Энэ эрх нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пактад дурдагдсан бусад эрхүүд, соёлын амьдралд оролцох; өөрийнхөө туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны аливаа бүтээлтэй холбогдон үүссэн ёс суртахууны болон эд материалын ашиг сонирхлыг хамгаалуулах зэрэг эрхтэй салшгүй холбоотойгоор хэрэгжих учиртай. "Шинжлэх ухааны дэвшил" гэдэг нь шинжлэх ухааны тодорхой арга зүйн тусламжтайгаар асуудлыг шийдвэрлэх чадвараа дээшлүүлэх тухай ойлголт юм. Шинжлэх ухаан нь олон талтай цогц систем учраас шинжлэх ухааны дэвшил түүнийг дагаад олон хэлбэртэй.