• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ БАЙГУУЛАХ БУЮУ ТҮҮНД НЭГДЭХ ЭРХ


Үйлдвэрчний эвлэл буюу ажиллагчдын байгууллага нь ажиллагчдын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг хамтын ажиллагаагаар дамжуулан хамгаалах, дээшлүүлэх зорилгоор байгуулагддаг. Хөдөлмөр эрхлэлтийн салбарт ажилчид, ажил олгогчдын эвлэлдэн нэгдэх, байгууллага байгуулах болон хамтын гэрээ хэлэлцээр хийх эрхийг олон улсын эрх зүйгээр хамгаалан баталгаажуулсан байдаг. Үүнд Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 20, 23 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 22 дугаар зүйл, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлд тус тус хүн бүрийн үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх, үйлдвэрчний эвлэл байгуулах эрхийг баталгаажуулсан байдаг. Мөн эвлэлдэн нэгдэх эрхийн талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 1948 оны 87 дугаар конвенц, Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай 1949 оны 98 дугаар конвенц, Хөдөөгийн ажиллагчдын байгууллагуудын тухай 1975 оны 141 дүгээр конвенц, 149 дүгээр Зөвлөмж зэргийн хүрээнд нарийвчлан зохицуулсан байдаг. Үйлдвэрчний эвлэл нь иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах, хамтын гэрээ хэлэлцээрийн зарчмаар хөдөлмөрийн нөхцөл болон амьдралын түвшингээ дээшлүүлэх, нийгэм болон бусад асуудлаар үзэл бодлоо илэрхийлэхийн тулд өөрсдийнхөө санаачилгаар байгуулсан байнгын ажиллагаатай, ардчилсан байгууллага юм. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь: - Ажиллагсдын эрх ашгийг хамгаалах - Ажиллагсдын ажлын хэвийн нөхцөлийг хангах - Аливаа асуудлыг хамтаараа хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэх - Амьдралын нөхцөл байдлыг дээшлүүлэх арга зам эрж хайх, тусламж дэмжлэг үзүүлэх - Нийгмийн аливаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөл бололцоо бүрдүүлж өгөх зэрэг болно. Бүхий л улс оронд үйлдвэрчний эвлэл нь хуулийн этгээдийн эрхтэй байх бөгөөд төрийн холбогдох байгууллагад албан ёсоор бүртгүүлэх ёстой. Хамт олны нэрийн өмнөөс аливаа асуудлыг шийдвэрлэдэг байгууллага учраас хамт олны хэлэлцүүлэг, ажилчдын сонгууль зэрэгт оролцон манлайлж, ажилчдын итгэл найдварыг нь хүлээсэн төлөөлөгчид энэ байгууллагыг бүрдүүлдэг. Үйлдвэрчний эвлэл нь ажиллагчдыг идэвхтэй зохион байгуулж, тэдний ашиг сонирхлыг хамтын хэлэлцээгээр дамжуулан хамгаалах механизм юм. Үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөл, гишүүд нь удирдлагатай харьцах харилцаагаараа дамжуулан адил тэгш цалин хөлс, тэгш боломж олгох зэрэг олон асуудлаар ажил олгогчидтой хэлэлцэн тохирч, ажиллагчдын эрхийг хамгаалдаг. Иймд үйлдвэрчний эвлэл нь Засгийн газар болон ажил олгогчдын байгууллагуудын хамт нийгмийн яриа, хэлэлцээнд оролцох гурван талт бүтцийн нэг болдог. Үйлдвэрчний эвлэл нь сайн дураараа чөлөөтэй эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах тул түүнээс гарах, татгалзах нь мөн сайн дурын байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасанчлан, иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй. Мөн үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй.