• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өмгөөлөх ба өмгөөлүүлэх эрх

Гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн, яллагдагч, хэргийн оролцогч хэн боловч өөрөө өөрийгөө өмгөөлөх болон эрх бүхий байгууллагаас эрх авсан мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрт нь тулгаж байгаа хэрэг маргаан, эд материалын хариуцлага болон бусад нөхцлүүдийг цагаатгах, хөнгөрүүлэх, өөрийн гэм бурууг үгүйсгэх нотлох баримтыг гаргах, цуглуулахыг шаардах, хуулийн зүйл заалтыг өөрт ашигтайгаар тайлбарлах зэрэг үйл ажиллагааг явуулна.

Мэргэжлийн өмгөөлөгч нь тухайн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өмгөөллийн туслалцаа үзүүлж буй өмгөөлүүлэгчийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаас гадна мэргэжлийн өндөр ёс зүйтэй байхыг шаарддаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд нэг этгээд хэд хэдэн өмгөөлөгчтэй байж болохоор хуульчилжээ. Энэ эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг
хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж болохгүй гэсэн хориглосон заалтыг мөн хуульчилсан байна. #ХүнийЭрхийнТовчТайлбар