• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ДЭД ХӨТӨЛБӨРТ ХИЙСЭН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ, БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баянхонгор аймгийн жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт хийсэн оролцооны хяналт шинжилгээний үнэлгээ тайлан, дүгнэлт, бодлогын зөвлөмжийг танилцуулах, зөвлөлдөх уулзалтад оролцогчидын байр суурь, санал бодлыг сонсох ОХШҮ-ний тайлан, бодлогын зөвлөмжид тусгах зорилго бүхий хоёр дахь зөвлөлдөх уулзалтыг аймгийн ЗДТГ-ын Нэг цэгийн үйлчилгээний хурлын танхимд зохион байгууллаа.

Тус зөвлөлдөх уулзалтад аймгийн удирдлагууд болон Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, иргэд, зарим сургууль соёл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн 30 гаруй хүн оролцож амжилттай болж өнгөрлөө.

Жендэрийн Үндэсний Хороо, Азийн Хөгжлийн Банктай хамтран, Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан ОНЖДХ-т ОХШҮ хийх хийх багийн зохицуулагч Ж.Дуламсүрэн, Мэдээлэл харилцааны багийн ахлагч Ж.Дулмаа нар хэрэгжүүлсэн ажлын талаарх танилцуулга мэдээллийг уулзалтад оролцогчдод өгсөн юм.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан: Жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх, Жендэрийн мэдрэмжтэй, тэгш байдлыг хангасан үйл ажиллагаануудыг явуулахад онцгой анхаарах шаардлага байна. Тухайлбал манай аймагт Монголын эрчүүдийн холбооны салбар зөвлөл байгуулагдаад 10 гаруй жил болсон хэдий ч бодит үр дүнтэй ажил хийгээгүй өдий хүрсэн. Төр, иргэний нийгмийн байгууллагуудаас зохион явуулдаг сургалт сурталчилгаа хангалттай явагддаг хэдий ч сургалтууд нь давхацдаг, нийгмийн идэвхтэй хэсгийн хэдэн хүн дахин давтан оролцдог байдлыг өөрчлөх. Төр, иргэний нийгмийн байгууллагууд аливаа асуудалд Жендэрийн мэдрэмжтэй хандаж зохион явуулж байгаа ажлууд нь аймгийн бодлоготой уялдсан, бодитой, үр дүн өгөхүйц ажлыг төрийн зүгээс дэмжиж хамтран ажиллахад бэлэн.

Баянхонгор аймаг нь Авилгагүй-Шударга төр, Архигүй-Эрүүл өрх, Ажилтай-Орлоготой иргэн гэсэн бодлого зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Төрийн бус байгууллагууд төрийн бодлоготой нягт уялдсан, төрийн ачаанаас үүрэлцсэн бодитой ажлууд олныг санаачлах. Тухайлбал, иргэний нийгмийн байгууллагууд алслагдсан, зорилтод сумдыг хариуцан авч тэр суманд тулгамдсан ямар асуудлууд байгааг судлан гаргаж, жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг өрнүүлэх ажлыг төрийн зүгээс илүүтэй дэмжиж, хамтран ажиллах боломжтой. Жендэрийн дэд хөтөлбөрт төслийн багийн зүгээс хийсэн Олон нийтийн хяналт шинжилгээ, үнэлгээ бидний цаашдын үйл ажиллагаанд эерэг үр дүн үзүүлэхээр болсныг талархан хүлээн авч байна гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн аймгийн засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, тус уулзалтад оролцсон төрийн болон ТББ-ын удирдлагууд, иргэд Жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх мэдээллийг илүүтэй авсны зэрэгцээ Жендэрийн хандлагыг өөрчилсөн, гэр бүлд өөрчлөлт, аз жаргал авчирсан загвар сум бий болгоход иргэний нийгмийн байгууллагууд илүү анхаарлаа хандуулах шийдвэрч гарлаа. Оролцогчдоос гаргасан саналуудыг зөвлөмжид тусгалаа.