• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нээлттэй хэлэлцүүлэг боллоо

 НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн 193 улсын хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутам тогтмол дүгнэн хэлэлцдэг хүний эрхийн механизм билээ. Монгол Улс хүний эрхийн төлөв байдлаа 2010, 2015 онд 2 удаа хэлэлцүүлж, нийт 289 зөвлөмж хүлээн авсан. Дараагийн хэлэлцүүлэгт 2020 онд орох бөгөөд хүлээн авсан зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа тайлагнах үүрэгтэй. 2015 онд болсон хоёр дох хэлэлцүүлгээс нийт 160 зөвлөмж өгснөөс 150 зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг амлалт авч, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батласан байдаг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Хүний эрхийн форум хамтран Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаар үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг 3 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн.  Анхдагч хэлэлцүүлгийг 21 аймагт ХЭҮК-ын орон нутгийн ажилтнууд, аймгийн иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах ёстой билээ. Энэ ажлын хүрээнд Баянхонгор аймагт "Гэр бүлийн хүчирхийлэл-хохирогч хамгаалал” сэдвийн хүрээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурлан 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 10.00 цагт амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт оролцогчдоос зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаар  дэвшүүлсэн санал санаачлагыг нэгтгээд Хүний эрхийн форумд хүргүүлэх юм.