• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Оюу толгой" компанийн үйл ажиллагаатай танилцаж сайн туршлага судаллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймгийн орон нутаг дахь ажилтнууд 2017 оны 10 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн уул уурхайн томоохон компани  болох Оюу толгойн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлан, хүний эрхийн нөхцөл байлад дүн шинжилгээ хийж  ажиллаа. Энэ ажлын хүрээнд бид "Оюу толгой” компанийн сайт  болон олборлолтын талбайтай танилцсан. Тус компани нь  Монгол Улсын Засгийн газар буюу "Эрдэнэс Оюу толгой” компани (34 хувь), Канад улсын "Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компанийн хамтран эзэмшдэг Монголын компани юм.  "Оюу толгой”  бол бүтээн байгуулалт нь үргэлжилж буй дэлхийн хэмжээний томоохон зэсийн ордны нэг бөгөөд  2012 оноос "Оюу толгой”-н ил уурхайгаас хүдэр олборлож байна.  Одоогийн байдлаар үйлдвэрлэж, экспортолж байгаа бүх бүтээгдэхүүн  ил  уурхайгаас гарч байна.  Ил уурхайгаас олборлосон хүдрийг "Оюу толгой”-н баяжуулах үйлдвэрийн хэд хэдэн шат дамжлагаар боловсруулж, зэсийн баяжмал үйлдвэрлэдэг байна. Тэд  баяжмалаа авто замаар тээвэрлэн дэлхийн зах зээлд гаргаж байгаа ажиллагаатай танилцлаа. 2016 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар "Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 95 гаруй хувийг монгол иргэд бүрдүүлж байгаа бөгөөд тэдний 21.7 хувийг Өмнөговь аймгийн иргэд эзэлж байна. "Оюу толгой” компани "Бидний ажлын арга барил” хэмээх бизнесийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажилладаг. "Бидний ажлын арга барил” нь "Оюу толгой”-д ажилладаг хүн бүрийн өдөр тутмын ажлаа эрхлэн явуулах зан төлөв болон бизнесийн шийдвэр гаргахдаа баримтлах үндсэн зарчмуудыг тодорхойлдог. Үүнд байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах, авлигаас сэргийлэх стандартууд болон ажилчдын эрх, үүрэг багтдаг байна.  Тэд  ирээдүйд гүний уурхайн бүтээн байгуулалт явуулж, газрын гүнээс өндөр агуулгатай хүдэр олборлох зорилготой ажиллаж байна.