• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ТӨРӨХ ТАСГИЙН ЭХЧҮҮДИЙН АМРАХ БАЙРЫГ ЖИШИГ БАЙДЛААР ШИНЭЧЛЭН ТОХИЖУУЛАХААР БОЛОВ

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан өнөөдөр 2021 оны 01 сарын 26-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж эхчүүдийн амрах байрыг жишиг байдлаар шинэчлэн засварлаж, тохижуулж өгөхөөр шийдвэрлэсэн юм.

Учир нь төрөх тасгийн зүгээс биеийн байдлын улмаас заавал нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад байлгаж төрүүлэх ёстой жирэмсэн эхчүүдээ уг байрандаа авдаг байна. Жирэмсэн эхчүүд уг байранд 15 хоногоос дээш хугацаанд төрөн төртлөө амьдардаг бөгөөд амьдрах орчны хувьд нэн хүндрэлтэй байдаг талаар тасгийн эмч мэргэжилтнүүд ярьж байлаа. Тодруулбал эхчүүдийн амрах байр нь стандарт бус шийдэлтэй, орчин нөхцөл тохижилт тааруу, усанд орох душгүй, 00-ын асуудал хүндрэлтэй зэргээр олон асуудлууд тулгардаг байна.

Иймээс аймгийн удирдлагын зүгээс эх орондоо эрүүл саруул иргэн төрүүлж өгөхөөр зорин ирсэн эхчүүдийнхээ сэтгэл санааг өргөж, амьдрах орчныг орчин үеийн шийдлээр тохижуулах, хүний эрхийн хэрэгцээг нь цогц байдлаар хангаж өгөх зорилгоор ийнхүү эхчүүдийн амрах байр, эх хүүхдийн хүлээлгэж өгөх өрөө, зөвлөгөө авах төвийг жишиг байдлаар шинэчлэн засварлаж, тохижуулж өгөхөөр шийдвэрлэж засварын ажлыг шуурхайлан хийж ирэх гуравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.