• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Баянхонгор аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, аймгийн Прокурорын газартай хамтран аймгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хууль, хяналтын байгууллагын алба хаагчид, Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан болон сумдын хэсгийн төлөөлөгч нар оролцлоо.

Зөвлөгөөнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Э.Энхбат нээж хэлсэн үгэндээ “Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтэд шинэ арга технологи, стандартуудыг нэвтрүүлэхийн зэрэгцээ шударга ёс, хууль дээдлэх зарчмыг чанд сахин хүний эрх, эрх чөлөөг ханган ажиллахаас бидний ажлын үр дүн шууд хамаарах болно” гэдгийг онцоллоо. Тус зөвлөгөөний оролцогчдод Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан Б.Содонцэцэг "Комиссын үйл ажиллагаа болон хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Мөн “Хууль сахиулахуй, олон нийтийн эрүүл мэнд судлалын хүрээлэн” ТББ-аас “Баянхонгор аймаг дахь архидан согтуурлаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн криминологи судалгаа”-нд үндэслэн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах талаар 3 цагийн цахим сургалтыг явууллаа.