• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо

Баянхонгор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр оролцож санал өглөө. Тус хэлэлцүүлгийн зорилго нь Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэхэд хувь нэмрээ оруулах, салбар салбарын төлөөллийн саналыг авч гэр бүлд ээлтэй шинэ хуультай болоход оршиж байлаа. Хэлэлцүүлэгт хууль эрх зүйн салбарын төлөөлөл буюу Цагдаагийн газар, Шүүх, Прокурор, Нэг цэгийн үйлчилгээний төв, Боловсрол урлаг соёлын газар, Эрүүл мэндийн газар, Хүний эрхийн үндэсний комисс гэх байгууллагын төлөөллүүд болох 25 хүн оролцож санал солилцлоо. Энэ хууль нь төрөөс гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл, нөхцөл журмыг тогтоож, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулж өгснөөрөө өмнөх хуулиас өргөн хүрээтэй онцлог хууль болсон байлаа.