• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдаагийн алба хаагчид аюулын зэргийн үнэлгээ хийдэг болно

Хоёрдугаар сарын нэгнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Юун түрүүнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн алба хаагчид, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд хамгийн эхэнд очдог эргүүлийн офицеруудыг сургаж, дадлагажуулах сургалт эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчилэн баталсантай холбоотойгоор Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтүүд орсон. Эдгээр өөрчлөлтийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх, зохион байгуулах тухай, хуульд тусгагдсан Хамтарсан багийн үйл ажиллагааг цагдаагийн байгууллага яаж мэргэжил арга зүйгээр хангах чиглэлээр сургалт явагдах юм байна. Энэ хуульд цагдаагийн байгууллагын ажилтны хүлээх үүрэг өргөн хүрээнд тусгагдсан бөгөөд  Цагдаагийн алба хаагчид аюулын зэргийн үнэлгээг хийдэг болно. Үүнийг хэрхэн хийх талаарх журмыг боловсруулж байна. Цагдаагийн алба хаагч энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаар сан бүрдүүлж, үйл ажиллагаандаа ашиглах бөгөөд  хохирогчдод 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх, хамгаалалтад авах ажлуудыг хийнэ. мөн аюулын зэрэг өндөртэй гарсан эсвэл хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хохирогчийн зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан, Хамтарсан багт мэдэгдэх үүргийг тэд хүлээж байгаа. Хамтарсан баг буюу сургуулийн нийгмийн ажилтан, Засаг дарга, цагдаагийн ажилтнууд хамтран ажиллаж эрсдэлийн үнэлгээг тогтоох ёстой. Аюулын зэрэг өндөртэй гарсан бол шууд цагдаад хандан шуурхай арга хэмжээ авч, хуулийн дагуу эрхийг нь хамгаалах ажиллагаа зохион байгуулах ёстой. Өмнөх хуулиар гэр бүлийн хүчирхийллийг захиргааны зөрчлийн хэмжээнд шийддэг байсан бол шинэ хуульд гэмт хэрэг гэж тодотгож өгснөөр дахин, давтан үйлдэгддэг энэ гэмт хэргийг таслан зогсоох гарц гаргалгаа болж байгаа юм.