• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХИЙН ХҮРЭЭНД

Баянхонгор аймагт вируслогийн лаборатори байхгүйгээс Улаанбаатар хот (Өвөрхангай) руу PCR шинжилгээний сорьцоо илгээж 24-72 цаг хариу хүлээдэг байсан. Харин Эрүүл мэндийн яам Ковид 19 цар тахлын улмаас аймгуудад Молекул биологийн лаборатори байгуулах хүрээнд тоног төхөөрөмж ирүүлснийг Нэгдсэн эмнэлэгт шинээр суурьлууллаа.

Ашиглалтад анх орж байгаа энэхүү лаборатори өнөөдөр 148 хүний PCR шинжилгээ хийж тэдгээр бүх хариу сөрөг гарсан сайхан мэдээтэйгээр үйл ажиллагаа нь ийнхүү эхлэв. Улаанбаатар хотод хариу арга хэмжээний шугамаар туршлага судлан ажиллаад ирсэн лабораторийн их эмч, лаборант нарын туршлагатай мэргэжилтнүүд оношлогоог хийж байна.

Хүчин чадлын хувьд аюулгүйн хоёр тасалгаатай бөгөөд нэг дор 96 хүртэлх шинжилгээний сорьцыг унших PCR шинжилгээний хагас автомат аппарат, сорьцыг богино болон урт хугацаанд хадгалах хөргүүр, хөлдөөгч зэрэг нийт 86 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж шинээр иржээ.

Ийнхүү молекул биологийн лабораторитой болсноор Ковид-19 вирусийн халдварыг илрүүлээд зогсохгүй бусад төрлийн нян, вирус, бактери илрүүлэх, тоолох шинжилгээг орон нутагтаа хийх бололцоотой болж иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдахгүй авах эрх хангагдах нөхцөл бүрдлээ.