• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 20 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Комиссын анхны гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенцод баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүрэг бүхий үндэсний байгууллага Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.

Дэлхийн улс үндэстнүүд 1948 онд Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, түүний үзэл санааг бодит үйл хэрэг болгохын тулд хүний эрхийн үндэсний байгууллага байгуулахыг НҮБ-ын гишүүн орнуудад уриалсан. Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын статусын талаарх Зарчим (Парисын зарчим)-ыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1992 оны 54 дүгээр тогтоолоор баталснаар аливаа эрх мэдэлтнээс үл хамааран бие даан, хараат бусаар хүний эрхийг хөхиүлэн дэмжих, сахин хамгаалах үндэсний байгууллагын эрх зүйн байдлыг олон улсын хэмжээнд тодорхойлсон. 1993 онд Австри Улсын Вена хотноо чуулсан Хүний эрхийн дэлхийн бага хурлаас баталсан Венийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу олон улсын хамтын нийгэмлэгээс зохих дэмжлэг, туслалцаа үзүүлснээр одоогоор дэлхий дахинд 117 хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдан ажиллаж байна.

Монгол Улс хүн төрөлхтний хөгжлийн түгээмэл чиг хандлагад нийцүүлэн баталсан 1992 оны ардчилсан үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг олон улсын зарчим, хэм хэмжээтэй уялдуулан тодорхойлсон. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг засгийн газар хоорондын болон хөгжлийн туслалцааны байгууллагуудын олон талт дэмжлэгийн үр дүнд Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, Комиссын анхны гишүүдийг 2001 оны 1 дүгээр сарын 11 болон 2 дугаар сарын 1-ний өдөр томилсон нь Хүний эрхийн Үндэсний Комиссын түүхийн хуудсыг эхлүүлсэн юм. Улсын Их Хурлын 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтны орон тоо, төсвийг баталснаар Комисс нь орон нутагт байнгын төлөөлөлтэй болж, хуульд заасан чиг үүргээ орон даяар хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бүрдсэн.

Улсын Их Хурал нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр баталж, Комиссын гишүүдийн тоог 5 болгож нэмэгдүүлсний зэрэгцээ Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, түүний эрхлэх алба бий болгохоор хуульчилсан нь Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн.

Эдгээр ахиц дэвшлийн үр дүнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь бие даасан, хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэгч, Парисын зарчимд бүрэн нийцсэн үндэсний байгууллага болохоо гурвантаа магадлан итгэмжлүүлж, бүс нутгийн, олон улсын хэмжээнд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадах үндэсний байгууллага болон хөгжиж байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал, мэдээлэл харилцааны технологийн хөгжил нь дэлхий нийтэд хүний эрхийн томоохон сорилтууд бий болгож буй өнөөгийн нөхцөлд хүний эрхэд ээлтэй, шударга, тэгш оролцоо бүхий ардчилсан нийгмийг байгуулахад хүний эрхийн үндэсний байгууллагын үүрэг оролцоо улам бүр чухал болж буйг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хамтран зүтгэсэн Комиссын үе үеийн гишүүд, ажилтан, албан хаагчид, хүний эрхийг хамгаалагч төрийн болон төрийн бус байгууллага, тэдгээрийн ажилтан, албан хаагчид, хүний эрхийн төлөө хүсэл эрмэлзэл бүхий хүн бүхэнд гүн талархал илэрхийлж, Монгол Улсад Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

20_zhil_blue_1.png