• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний 336-р ангитай хамтран ажиллах төлөвлөгөө боловсрууллаа

Хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын орон нутаг дахь ажилтан Зэвсэгт хүчний 336-р ангитай 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдыг хариуцан ажилладаг рот, батарей, салааны захирагчид, залуу офицер, ахлагч нарт хүний эрхийн тухай ойлголт, зэвсэгт хүчин ба хүний эрх, жендэрийн тухай ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, хөдөлмөрлөх эрх, харилцаа хандлага, ёс зүй гэх зэрэг сургалт, мэдээлэлд хамруулах, нөлөөлийн арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж байна.

Зүүнбаян цэргийн хүрээнд эх орныхоо зүүн өмнөд хэсгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй Зэвсэгт хүчний 336 дугаар анги, мотобуудлагын тусгай хороо хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд Зүүнбаян тосгон нь Дорноговь аймгийн Сайншанд сумын V багт харьяалагддаг. Тосгоны иргэдийн 40 орчим хувийг ангийн бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлийн гишүүд бүрдүүлдэг.

Хорооны онцлог нь мотобуудлагын дивизээс Зэвсэглэл техник хадгалах бааз болж жижгэрсэн бол 2017 оноос мотобуудлагын тусгай хороо болж үйл ажиллагаа нь өргөжиж, байнгын бие бүрэлдэхүүн нь 19-40 насны залуусаас бүрдсэн хамт олон төлөвшиж байна.

Алслагдсан анги байгууллагад ажиллахаар томилогдон ирсэн алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн хувьд мэргэжлээрээ болон хувиараа хөдөлмөр эрхлэх боломж орон нутагт хомс байдаг бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор төрийн үйлчилгээний албан тушаалд гэрээгээр ажиллуулах, жендэрийн тэгш байдлыг хангах, алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байгаа нь сайшаалтай байна.