• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавжуулах нь төслийн хүрээнд

МЭХ-ны төв, орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах Сургагч багшийн сургалт-ыг өндөр хэмжээнд зохион байгуулж, сертификат олгов. Төслийн үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг тусгайлсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэлээ. Төслийн өөр нэг чухал үр дүн нь зорилтот бүлэгтэй ажиллахад туслах бүтцийг зохион байгуулсан явдал байв. Зорилтот сумдын Засаг даргын Тамгын даргаар ахлуулсан “Дэмжих бүлэг”-ийг зорилтот сумдад байгуулж, бүрэлдэхүүнд нь Багийн дарга, хөдөлмөр халамжийн ажилтан, Мал эмнэлэг, үржлийн ажилтан болон сумын ЭЗ-ийн тэргүүн орж байна. Мөн туслах малчдын “Өөртөө туслах бүлэг”-ийг Архангай аймгийн зорилтот 3 суманд байгуулав.

Судалгааг 6 аймгийн 18 сумын нийт 1244 малчдыг хамруулан тэдгээрийн хөдөлмөрийн харилцаа нь хүний эрхийн зарчмын үүднээс тэгш, шударга, ялгаварлан гадуурхалтгүй, хүний эрхийн аливаа зөрчлөөс ангид байж чадаж буй эсэх, албажсан байдлыг тодруулж, туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэний болон улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын болон хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдлыг санал асуулга, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх замаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийлээ. Энэ судалгаа нь Монгол Улсад туслах малчны нийгэм, эдийн засгийн байдал, хүний эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн, анхдагч түүвэр судалгаа болж буйгаараа онцлогтой.

Судалгааны үр дүнд тулгуурлан туслах малчдын иргэний ба улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын болон хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдлыг цаашид авах арга хэмжээний саналын хамт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх ХЭҮК-ын 20 дахь илтгэлд тусгуулж, холбогдох саналыг шийдвэр гаргуулахаар УИХ-д танилцуулсан.