Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны даргын 2016 оны
5 дугаар сарын 24-ний өдрийн 4/346 тоот албан даалгаврын дагуу Орхон
аймагт оршин сууж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн
хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.Орхон аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 3845 иргэн байна.Эдгээр иргэдийг хүйсийн байдлаар нь авч үзвэл 2208 эрэгтэй, 1637 эмэгтэй, 0-17 насны хүүхэд 331 байна.Дээрх иргэдээс 3777 иргэн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон нийгмийн халамжид хамрагджээ.Мөн 565 иргэн хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гаржээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/155 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсэг гарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцааны тэгш эрхийг сэргээх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн үйлчилгээнээс тэгш хүртэх боломж нөхцөл нь тэдэнд шаардлагатай дэд бүтэц хэр бүрдсэн талаархи судалгаа хийсэн байна.Тайлан, судалгаанаас харахад Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц стандартын шаардлагад тэр бүр нийцэхгүй байгаа нь харагдаж байна.Цаашид мэргэжлийн байгууллагуудаас Монгол Улсын MNS 5682:2006 "ЯВГАН ХҮН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЗАМ", MNS 6055:2009 "ИРГЭНИЙ БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТӨД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ШААРДЛАГЫГ ТООЦСОН ОРОН ЗАЙ, ОРЧИН" стандартуудыг мөрдөж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа нь харагдаж байна.