• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сэлэнгэ аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр"арга хэмжээг зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийн иргэдэд Комиссын үйл ажиллагааг сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомж, олон улсын гэрээний хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ. 2017 оны эхний "Нээлттэй өдөр" арга хэмжээг Сэлэнгэ аймагт 2017 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.   Тус арга хэмжээний хүрээнд Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын удирдах албан тушаалтнууд болон  хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, Цагдаагийн газрын Саатуулах байр, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.   Уулзалтын үеэр аймгийн хүний эрхийн нөхцөл байдал болон тус аймагт бичил уурхай үйл ажиллагаа эрхэлж буй бичил уурхайчид, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хүний эрхийн асуудлаар аймгийн удирдлагуудтай санал солилцсон бөгөөд аймгийн Засаг даргаар ахлуулсан цагдаа, байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдад уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, бичил уурхай эрхлэгчид, хувиараа ашигт малтмал олборлогчдын хүний эрхийн нөхцөл байдал, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах, хяналт шалгалтыг 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд хийхээр төлөвлөсөн талаар мэдээлэл хийлээ.         Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчид болон хууль сахиулан байгууллагын албан хаагчдад  Хүний эрхэд суурилсан хандлага, төрийн үйлчилгээн дэх хүний эрх, хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалал, жендэрийн тэгш байдал ба хүний эрх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, Хүний эрхийн олон улсын гэрээ зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад 120 гаруй ажилтан, албан хаагчид оролцлоо.   Мөн орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдлыг тодорхойлох, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг сонсох зорилгоор аймгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтад аймгийн үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эздийн холбоо, эрүүл мэнд, ахмад, залуучууд, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүний эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын 17 төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо.  Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийттэй уулзалт хийж, иргэдээс өргөдөл гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Уулзалтад  65 иргэн  оролцож 9 иргэн хөдөлмөрлөх эрх, өмчлөх эрх, төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх, нийгмийн даатгал, сурч боловсрох эрхийн асуудлаар зүйн зөвлөгөө авсан байна.    Нээлтэй өдөр арга хэмжээний урьдчилсан дүнг  2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн удирдлага, хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын удирдлагуудад  танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа.