НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн
Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн 193 улсын хүний эрхийн
төлөв байдлыг 4,5 жил тутам тогтмол дүгнэн хэлэлцдэг хүний эрхийн механизм
билээ. Монгол Улс хүний эрхийн төлөв байдлаа 2010, 2015 онд 2 удаа хэлэлцүүлж,
нийт 289 зөвлөмж хүлээн авсан. Дараагийн хэлэлцүүлэгт 2020 онд орох бөгөөд
хүлээн авсан зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа тайлагнах үүрэгтэй. 2015
онд болсон хоёр дох хэлэлцүүлгээс нийт 160 зөвлөмж өгснөөс 150 зөвлөмжийг
Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг амлалт авч, хэрэгжүүлэх үйл
ажиллагааны төлөвлөгөөгөө баталсан байдаг.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Хүний эрхийн форум
хамтран Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн
зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаар үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг
3 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Анхдагч
хэлэлцүүлгийг 21 аймагт ХЭҮК-ын орон нутгийн ажилтнууд, төрийн байгууллагууд,
аймгийн иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай
хамтран зохион байгуулах бөгөөд Сэлэнгэ аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн эрх, орон нутагт тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд холбогдох
төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд,
иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурлан 2018 оны 02 сарын 09-ны өдрийн 11.00
цагт аймгийн ИНБ-ын хурлын заал буюу "НОЁД" худалдааны төвд зохион
байгуулан ажиллалаа.Хэлэлцүүлэгт
Аймгийн ИНБ-ын холбоо, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын хөгжлийн
бэрхшээлтэй иргэд хариуцсан мэргэжилтэн, Аймгийн ХБИ-ийн холбоо, Сүхбаатар
сумын ХБИ-ийн холбоо гэх байгууллагууд оролцов. Тус хэлэлцүүлэгт оролцогчдоос зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаар дэвшүүлсэн санал санаачлагыг нэгтгээд Хүний эрхийн форумд хүргүүлэх юм.