• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Улсын хэмжээнд жендэр, хүний эрхийн 400 гаруй сургагч багшийг бэлтгэнэ

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагуудад жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр, хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 21 аймаг дахь төрийн албан хаагчдад "Жендэр ба Хүний эрх" сургалтыг явуулж байна. ХЭҮК-ын Ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд төвийн бүсийн аймгуудын төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулсан. Сургалтад Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн төрийн албан хаагчид оролцсон. ХЭҮК өмнө нь баруун болон зүүн, хангайн, говийн бүсүүдийн аймгуудад нийт 300 гаруй хүнийг сургагч багш бэлтгээд байгаа билээ. Энэхүү сургалтын үр дүнд улсын хэмжээнд нийт 420 орчим жендэр, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн сургагч багш бэлтгэгдэх юм.