• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандах иргэдийн тоо нэмэгдсээр байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хуралдаж, өнгөрсөн сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнэж, ирэх саруудад хийх ажлуудын талаар, нөхцөл байдлыг хэлэлцлээ. 2020 он гарсаар дэлхий нийтэд Ковид19 цар тахлын хорио цээрийн дэглэмээс улбаалан төлөвлөгөөт ажлууд цуцлагдаж, танхимын сургалтууд, уулзалт, арга хэмжээг цахимаар зохион байгуулах болсонтой холбогдуулан Комисс 4 дүгээр сард "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтаа цахимаар зохион байгуулж, хүний эрхийн сургалтуудыг 21 аймгийн 110 төрийн албан хаагчид "Жендэр ба Хүний эрх" сэдвээр, Зэвсэгт хүчний 120 дугаар анги, ШШГЕГ-ын харъяа хорих 421 дүгээр ангийн алба хаагчдад 27 цагийн сургалтыг тус тус хийлээ.

Мөн Монголын хуульчдын холбооны магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу "Хүний эрхэд суурилсан хандлага", "Хүний эрхийн олон улсын механизм" сэдэвт хичээлүүдийг видео хэлбэрт оруулж, цахим сургалтын кампуст байршуулжээ. Тайлант хугацаанд Комисст 64 өргөдөл, гомдлыг хүлээн авснаас 42 нь яаралтай буюу хугацаат бичиг байв. Харин хүний эрх зөрчигдсөн асуудлаар иргэдээс нийтдээ 68 гомдол, мэдээлэл ирүүлсний 10 нь хөдөлмөрлөх эрх, 2 нь халдашгүй дархан байдал, 2 нь амьд явах эрх, 2 нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой байлаа.

2020 оны 04 дүгээр сард нийт 9 хяналт, шалгалтыг хийсэн бөгөөд үүний 8 нь мэдээллийн мөрөөр, 1 нь иргэдээс ирүүлсэн гомдлын хүрээнд хийгдсэн байна. Түүнчлэн Ковид19 буюу шинэ коронавирусын цар тахлын үед НҮБ-ын ХЭДКГ болон Эрүүдэн шүүлтийн эсрэг дэд хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилттэй холбоотойгоор тодорхой объектуудад шалгалт,ыг зохион байгуулж байна.

Цар тахлын хорио цээрийн дэглэм эхэлсэнтэй уялдуулан Комисс 24 цагийн шуурхай утсыг ажиллуулж байгаа бөгөөд тайлант хугацаанд 17 удаа хууль зүйн зөвлөгөө өгчээ. Хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар 5 Шаардлага, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлын талаар 1 Зөвлөмжийг тус тус явуулаад байна.

uvs