• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Увс аймагт ажиллалаа. Ажлын хэсэг тус аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд тэргүүтэй орон нутгийн удирдах албан тушаалтнууд, аймгийн ерөнхий прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, ХЭҮК-ын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, аймгийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар санал солилцов. Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд тус аймгийн бүх сумдын ИТХ-ын дарга, засаг дарга нар болон төрийн тусгай, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад хүний эрх, хүйсийн тэгш байдлын талаар сургалт явуулав. Комиссын гишүүн Г.Нарантуяа “Хүний эрхийн үндэсний байгууллагын мөн чанар, эрх зүйн байдал, ХЭҮК-ын бодлого, үйл ажиллагаа”, Комиссын референт О.Тодбулаг “Хүнд ээлтэй төрийн алба”, “Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн асуудлууд”, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, хүний эрхийн сургагч багш С.Ганчимэг “Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт”, “Жендэрийн дүн шинжилгээ хийх нь”, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд проф. А.Алтанзул “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хүний эрхийг хангах нь”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах, нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалт” сэдвээр хичээл заалаа. Тус аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв. Мөн Жэндэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар гаргасан Комиссын зөвлөмжийн хэрэгжилтийг аймгийн ЗДТГ дээр шалгаж, Улаангом политехник коллежийн дотуур байранд Комиссын гишүүний баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийв. Түүнчлэн Улаангомын Дулааны станц-2 ТӨХК-д хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Шалгалтыг Комиссын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ууганбаатар, референт Д.Дугарсүрэн, Х.Наранцэцэг, ахлах шинжээч Д.Гантулга нар хийж гүйцэтгэсэн. Комиссын гишүүн Г.Нарантуяа ШШГЕГ-ын харъяа цагдан хорих, баривчлах байрууд, ХХҮГ-ын харъяа баруун бүсийн ахмадын асрамж, үйлчилгээний төв, Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байр, ГБХЗХГ-ын Түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцаж, иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Мөн орон нутгийн MBC, Увс нам бус телевизэд хүний эрхийн чиглэлээр ярилцлага өгөв.

3.PNG

6.PNG

8.PNG

284395235_6024568824315149_1608969867943828551_n.jpg

9.PNG

4.PNG

uvs