Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих” төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом хотноо “Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдвээр мэдээлэл солилцох уулзалтыг 2019 оны 01 дүгээр сарын 16-нд зохион байгууллаа. Тус арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс дэмжиж хамтран ажилласан бөгөөд ХЭҮК-ын референтүүд "Иргэдийн мэдэх эрх", "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх" сэдвээ мэдээлэл, танилцуулга хийж оролцлоо.
Уулзалтаар GSP+ буюу Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд орон нутгийн бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ хэрхэн Европын зах зээлд гаалийн татваргүй экспортлох боломжийн талаар танилцуулж, бодит боломжийг ашиглаж буй компаниудын туршлагаас хуваалцсан төдийгүй GSP+ механизм болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенциуд дахь үүргийг танилцуулах замаар хүний эрхийн сорилтуудын талаар орон нутгийн яриа хэлэлцүүлгийг бэхжүүлж, GSP+ механизмтай холбоотой асуудлуудыг тухайн орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах асуудлыг хөндөн хэлэлцлээ. Орон нутгийн түвшинд мэдээллийн урсгалыг сайжруулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлснээр бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа тэлэх томоохон боломжийг олгохоос гадна тухайн бүсийн эдийн засгийн тогтвортой өсөлт болоод хүний эрхийн нөхцөл байдлыг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзлээ.


Европын Холбооны санхүүжилтийн хүрээнд Democracy Reporting International байгууллагын захиалгаар хэрэгжиж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төсөл нь суурь хүний эрхүүдийг хэрэгжүүлэхийн тулд нөлөөллийн үйл ажиллагаа болон мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилготой. Одоогоор тус төсөл нь Армен, Боливи, Кабо Верде, Киргиз, Монгол, Пакистан, Парагвай, Филиппин, Шри Ланка гэсэн Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд эдийн засгийн урамшуулал хүртэж буй 9 улсад хэрэгжиж байна.
Уг өгөөж хүртэж буй орнууд нь эдийн засгийн урамшууллынхаа хариуд НҮБ-ын хүний эрх, хөдөлмөрлөх эрх, хүрээлэн буй орчин, сайн засаглалтай холбоотой 27 конвенцийг даган мөрдөх үүрэг хүлээдэг. Энэ нь ардчилал, хүний эрхийг хүндэтгэх байдлыг баталгаажуулах боломжгүй байгаа өнөөгийн нөхцөл байдалтай уялдаж байгаа ба хүний эрхийн соёлыг сурталчлахаас эхлээд хувь хүнийг эрх мэдэлжүүлэх бүхий л боломжийг ашиглах нь маш чухал байгаа гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.