• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН УДИРДЛАГУУДАД ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮЕИЙН ДЭГЛЭМ, ДҮРЭМ ЖУРМЫГ САЙТАР БАРИМТЛАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Монгол Улсын Засгийн газраас ковид-19-ын халдвар бүртгэгдээгүй аймгуудад гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 1 шат бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга захирамж гаргаж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бие даасан халаалттай, шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй худалдааны төв болон битүү зах, дэлгүүрүүдийн үйл ажиллагааг 12-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын 11-ний өдрийг хүртэл нээж, ажиллах цагийн хуваарийг 9-22 цаг байхаар тогтоосон.
Тус захирамжийн хэрэгжилт болон Гамшгаас хамгаалах тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан баг зах худалдааны төвүүдэд удаа дараа хяналт шалгалт хийж ажиллаа.

Өнөөдөр аймгийн Онцгой байдлын газар, МХГ, Цагдаагийн газар болон Эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагуудын удирдлага, төлөөллүүд Зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдсан асуудлын талаарх санал бодлыг нь сонсож, цар тахлын үеийн нөхцөл байдлын үед баримтлах дэглэм, дүрэм журамтай холбоотой хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг 12 сарын 11-ний өдрөөс өмнө арилгах хэд хэдэн шаардлагыг тавьсан юм.

- Тухайлбал, цаашид татвар төлөгч бизнес эрхлэгчдэд аль болох дарамт учруулахгүйгээр үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлуулах, зах тус бүрийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавих эрх бүхий этгээдүүдийг томилгоожуулан ажиллуулж, мэргэжлийн байгууллагуудыг мэдээллээр тогтмол хангах, шаардлагатай тохиолдолд ашиглах тусгаарлах байр, өрөөг бэлтгэх, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн нөөцийг бүрдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг стандартын дагуу хийх, холбогдох хуульд заасны дагуу гамшгийн үед бараа үйлчилгээний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, түрээсийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байхад онцгой анхаарч ажиллах чиглэлийг өгсөн юм.

- Мөн Мэргэжлийн байгууллагын удирдлага, төлөөлөл, гамшгаас хамгаалах Улсын байцаагч нар зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзсаны дараагаар бар, караоке рестарон, зоогийн газруудын удирдлагуудтай мөн уулзсан юм. Уулзалтаар захуудын удирдлагуудад тавьсан шаардлагыг мөн ижил танилцуулж, үйлчлүүлэгчдийн бүртгэл судалгааг сайтар хийж, хатуулаг ихтэй согтууруулах ундаа худалдаалахгүй байж, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхаарууллаа.