• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчил мөн

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс энэхүү аянд нэгдэж байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчил мөн. Иргэний, соёлт нийгэмд хүчирхийллийг багтаах орон зай байхгүй.