• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Иргэдээ сонсъё-2018” аян

Мөрөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын Газраас хамтран жил бүр "Иргэдээ сонсъё” аяныг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн "Иргэдээ сонсъё-2018” аян 10 дугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд Мөрөн суманд зохион байгуулагдлаа. Тус аяны зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд ил, тод, хурдан шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх, төрийн бодлогыг боловсронгуй болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх, төрийн үйлчилгээг нэг дороос авах нөхцөлийг бүрдүүлэх, мэдээлэл авах зэрэг цогц арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээнд төрийн үйлчилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож иргэдэд нээлттэй хаалганы үйчилгээг үзүүлсэн бол Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэдэд ном, сэтгүүл болон гарын авлагыг тарааж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч байгууллагаа сурталчлан ажиллав.