• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН НЭГДМЭЛ АЛСЫН ХАРААГ ТОДОРХОЙЛОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх таван жилийн үйл ажиллагааны стратегийн хөтөлбөрийг боловсруулахаар НҮБ болон Засгийн газар хамтран хөгжлийн бүхий л оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 4-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

“НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” стратегийн баримт бичиг нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 онд санаачилсан НҮБ-ын хөгжлийн тогтолцооны шинэчлэлийн гол үндэс нь юм. Уг стратегийн баримт бичиг нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалт болон урт хугацааны хөгжлийн Алсын Хараа 2050 бодлогын баримт бичигтэй нягт уялдсан байх ёстой гэдгийг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нээлтийн үеэр онцолсон.

Хэлэлцүүлгийн үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2021 онд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож буйг онцлоод НҮБ-ын системийн шинэчлэлийн хүрээнд анх удаа боловсруулж буй НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратеги нь Монголын ард түмэнд хөгжлийн бодит үр дүнг авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсыг тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн замаар урагшлахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хөгжлийн стратегийн нэгдмэл алсын харааг тодорхойлох энэхүү арга хэмжээнд ХЭҮК-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Г.Нарантуяа нар оролцож байна.