• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын шинэ гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан 5 нэр дэвшигчийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 34 дугаар тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр Жаргалсайханы Хунан, Ганбатын Нарантуяа, Батзэвэгийн Энхболд, Дугарын Сүнжид, Хүрэлбаатарын Мөнхзул нарыг томилохоор баталсан билээ.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны дарга С.Бямбацогт, тус байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбат болон УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны төлөөлөл 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комисст хүрэлцэн ирж, Хууль зүйн байнгын хорооны дарга Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүдэд үнэмлэх, тамга, тэмдгийг гардуулснаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 14.4-т заасны дагуу Комиссын даргыг Улсын Их Хурлаас томилох хүртэл Ж.Хунан гишүүн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.