• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн асуудлаар Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболдод зөвлөмж хүргүүллээ

Коронавируст халдвар (КОВИД-19)-тай холбоотой нас баралт нэмэгдэж байгаа тул нас барсан хүмүүс, тэдний гэр бүлийн эрхэм байдал, хүний эрх, хүсэл зоригийг хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяагаас Эрүүл мэндийн сайдад С.Энхболдод 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 3/09 тоот зөвлөмжийг хүргүүлэв.

Уг зөвлөмжид коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн цогцосыг хадгалах, цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх, оршуулах асуудлыг тусгайлан зохицуулах, нас барсан хүмүүсийн гэр бүлийн хүсэл зориг, ёс заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх, халдвар, хамгааллын дэглэмийг сахиулахын зэрэгцээ салах ёс гүйцэтгэх боломжийг дээд зэргээр бүрдүүлэх, цогцос хадгалах, оршуулахад шаардагдах байгууламж, хэрэгслийн нөөцөд хяналт тавих, бүрдүүлэх, нас барсан хүмүүстэй ажилладаг эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг халдвараас хамгаалах хувцас, хэрэглэлээр бүрэн хангах; хорих анги, асрамжийн газруудад эрсдлийг урьдчилан тооцоолж, бэлэн байдлыг хангах чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах асуудлуудыг тусгалаа.