• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд тангараг өргөлөө

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь 5 гишүүнээс бүрдэж байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ХЭҮК-ын шинэ гишүүд болох Жаргалсайханы Хунан, Хүрэлбаатарын Мөнхзул, Ганбатын Нарантуяа, Дугарын Сүнжид, Батзэвэгийн Энхболд нар “Би Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг дэмжих, хамгаалах үүргээ чин шударгаар биелүүлэхээ батлан тангараглая.” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөлөө.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байх бөгөөд гишүүнийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. ХЭҮК-ын гишүүн нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсхүл иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүсэлтээр шалгалт хийх;
  2. Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөл бүрдүүлсэн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд шаардлага, зөвлөмж хүргүүлэх;
  3. Хүний эрхийн асуудлаар судалгаа хийх зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтнаас бүх төрлийн баримт бичигтэй танилцах, хуулбарлан авах, шаардлагатай мэдээлэл, судалгаа гаргуулан авах;
  4. Хүний эрхийн асуудлаар иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, түүний удирдлагаас гомдол, мэдээллийн талаар бичгээр болон амаар тайлбар авах;
  5. Гомдол, мэдээлэлтэй холбоотой асуудлаар аль ч байгууллага, объект, хуулийн этгээдэд саадгүй нэвтрэн орж, төрийн болон албаны, байгууллагын болон хувь хүний нууцтай саадгүй танилцах зэрэг эрхийг эдэлнэ. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.