• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ТУСЛАХ МАЛЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

ХЭҮК-ын стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийн нэг болох эрсдэлт нөхцөлд буй туслах малчдыг дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар чадавхжуулах, өөрөөр хэлбэл эрх зүйн чадамжтай байх, эрхээ хүлээн зөвшөөрүүлэх, хуулийн өмнө адил тэгш байх, зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгох, өргөдөл гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг туслах малчдад эзэмшүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж байна.

Ингэснээр туслах малчдын хөдөлмөрийн орчин нөхцөл сайжирч, хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох, хувийн эрх чөлөө, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхээ эдлэх, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэрхэн хандаж шийдвэрлүүлэх талаар ойлголт, мэдлэгтэй болсон байна.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд:

  • Зорилтот аймаг, сумдын туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, туслах малчдын зарим эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааны ажил гүйцэтгүүлэх;
  • МЭХ-ны орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах, сургалтын гарын авлага бэлтгэж тараах, сургагч багшийн сургалтыг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулах;
  • Туслах малчдад хүний эрхийн талаарх үндсэн ойлголт өгөх, хувь хүний хөгжлийн сургалт зохион байгуулах;
  • Сургалтын гарын авлага, туслах малчдад нийгмийн, эрүүл мэндийн болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдээлэл бүхий цаг тооны бичиг хэвлүүлж тараах;
  • Зорилтот аймаг, сумдад туслах малчдын “Өөрөө өөртөө туслах бүлэг”-үүдийг байгуулж, ажиллуулах;
  • ТВ шторк бэлтгэж Малчин ТВ болон МҮОНТВ-ээр цацах;
  • Орон нутагт зохион байгуулсан сургалтад хамрагдсан туслах малчдад зориулж нийслэлд семинар зохион байгуулах;
  • ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд туслах малчны асуудлыг тусгуулж, холбогдох шийдвэрийг гаргуулах;
  • Төслийн үр дүнг бүх талуудыг оролцуулан хэлэлцүүлж дүгнэх, туслах малчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, цаашид авах бодлого, зохицуулалтын арга хэмжээний санал, зөвлөмжийг танилцуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.