• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Олон Улсын өдрийн мэндчилгээ

Улс үндэстнүүд нэгдэн Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, дэлхий нийтэд тунхаглан зарласан Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг эрхэм Танд хүргэе.

Хүний эрхийн олон улсын өдрийг жил бүрийн энэ өдөр тодорхой үзэл санаан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд коронавируст халдварын цар тахлыг даван туулахтай холбогдуулан бүхий л бодлого, үйл ажиллагаанд хүний эрхийн зарчмуудыг баримталж, хэнийг ч орхихгүй, эрх тэгш оролцоог хангасан шийдвэр гарган хэрэгжүүлэхийн чухлыг сануулж “Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдэцгээе” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Цар тахлын нөхцөлд холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлээр хүний зарим эрхийг хязгаарлаж болох хэдий ч хүний эрхэм чанар, эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын жишиг шаардлагыг хангасан нөхцөл боломжийг бүрдүүлж, хүн бүрийн эрх, эрх чөлөө, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах үүрэг хариуцлагыг орхигдуулж болохгүй. Дэлхий нийтээрээ амаргүй цаг үеийг туулж байгаа энэ үед хүмүүс бид “өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндэтгэх” зарчмыг баримталж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх, аливаад хариуцлагатай хандах нь та бидний оруулах хамгийн чухал хувь нэмэр юм.

Энэ жил Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Комисссын гишүүдийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулсан зэрэг түүхэн шинэ хуудсыг нээсэн.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээ, конвенцид заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэх нөхцөл боломжийг хангахын төлөөх хүчин чармайлтаа улам бүр нэмэгдүүлж, холбогдох бүх талуудтай нягт хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна. Бидний энэхүү үйл ажиллагааг иргэд, олон нийт, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт

Хүний эрхийн төлөө нэгдэцгээе!

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС