НҮБ-ын Хүний
эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс Монгол
Улсад өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг ирэх 5 дугаар сард
хүргүүлэх ёстой билээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний
эрхийн төрийн бус байгууллагуудын форум, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад
харилцааны яам хамтран "Хүний эрхийн төлөв байдал" сэдэвт хэлэлцүүлгийг
зохион байгууллаа.
Хүний эрхийн хэрэгжилтийн байдлыг
тандах, орон нутаг дахь төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл,
иргэдийн үзэл бодол, санал, хүсэлтийг сонсох, харилцан мэдээлэл солилцох зорилготой
тус хэлэлцүүлгийг 2018 оны 4 дүгээр
сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний
Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл оролцон зөвлөмжийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал
бодлыг сонсч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Уг арга хэмжээнд нутгийн иргэдийн
төлөөлөл 40
гаруй хүн оролцсон бөгөөд орон нутагт тулгамдсан асуудал нь уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй
хараа хяналтгүй хүүхдийн асуудал, хөдөө сумдад багшлах боловсон хүчний
хүрэлцээгүй байдал, туслах малчны хөдөлмөрлөх эрхийн зөрчил, авилга, төрийн
албан хаагчдын хариуцлагагүй, тогтворгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт зэрэг олон зүйл байгааг хөндөж, иргэдийн болон төрийн албан хаагчдын хүний
эрхийн боловсролыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг уламжиллаа.