Эвлэлдэн нэгдэх эрх нь зарим тохиолдолд улс төр, соёл, зугаа цэнгэл, спорт, нийгэм, хүмүүнлэгийн тусламж зэрэг өргөн хүрээг хамрах нь бий. Судлаач Жереми Мак Брайд "жинхэнэ ардчилал" бий болгохын тулд нийгмийн бүхий л түвшинд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг эдлэх, нөгөө талаас эрх мэдэл бүхий этгээдийн зүгээс тус эрх чөлөөг хүндэтгэх шаардлагатайг онцолсон.
Тэрээр төрийн бус байгууллагууд байгуулах нь иргэний нийгэмд маш чухал төдийгүй эдгээр байгууллага бол "эвлэлдэн нэгдсэн үйл ажиллагааны үр жимс" гэжээ.
Үүний зэрэгцээ ямарваа нэгэн байдлаар нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө ялгаварлан гадуурхах, доромжлох, зүй бусаар харьцах явдлыг хориглодог нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг давхар хүндэтгэж байгаагийн илрэл юм.
Иргэний нийгэм гэдэгт нийтлэг ашиг сонирхол, зорилго, үнэт зүйлсийн үндсэн дээрх сайн дурын хамтын үйл ажиллагааны талбарыг ойлгоно. Онолын хувьд, бүтэц байгуулалтын хэлбэр нь төр, гэр бүл, зах зээлийн хэлбэрүүдээс ялгаатай ч бодит амьдрал дээр төр, иргэний нийгэм, гэр бүл, зах зээлийн хоорондын хил зааг нь нийлсэн, тодорхой бус, холилдсон шинжтэй байдаг.
Иргэний нийгэм нь дүрэм журам, бие даасан байдал, эрх мэдлийн түвшингээр ялгаатай ба орон зай, үйл ажиллагаа, бүтэц байгуулалтын төрөл бүрийн хэлбэрүүдийг агуулдаг. Иргэний нийгэмд хууль ёсоор бүртгэгдсэн асрамжийн газар, төрийн бус байгууллага, олон нийтийн бүлэг, эмэгтэйчүүдийн байгууллага, итгэл үнэмшилд суурилсан байгууллага, мэргэжлийн холбоо, үйлдвэрчний эвлэл, хувь хүмүүсийн нэгдэл, иргэний хөдөлгөөн, бизнесийн холбоо, санаачилга, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг бүлэг зэрэг харилцан адилгүй байгууллагууд багтдаг.